Хан-Уул дүүргийн арын зам буюу Ажилчны гудамжны замыг өчигдөр оройноос хаалаа. Замын цагдаагийн постоос Гурвалжингийн гүүр хүртэлх нийт 3.5 км замыг өргөтгөн шинэчлэх ажлыг "Си Эф Си" компани гүйцэтгэж байгаа юм байна.
Тус ажлын хүрээнд эхний ээлжинд Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн постоос "Говь" ХК-ийн уулзвар хүртэлх 1.1 км замыг засч, шинэчилсэн бол өчигдөр оройны 23.00 цагаас “Говь" ХК-ийн уулзвараас Дунд голын гүүр хүртэлх 1.2 км замыг хааж, өргөтгөлийн ажлыг үргэлжүүлэхээр болжээ. Уг зам засвар, өргөтгөлийн ажил 14 хоног үргэлжлэх бөгөөд энэ сарын 20-нд нээх юм байна.
Өнөөдрөөс түр хугацаагаар нийтийн тээврийн зарим маршрутад өөрчлөлт оруулна
Офицеруудын ордноос Чулуун овоо хүртэлх хатуу хучилттай замын доогуур үерийн ус зайлуулах байгууламж барих ажлыг энэ сарын 6-10-ныг хүртэлх хугацаанд хийх гэж буйтай холбоотойгоор өнөөдрөөс энэ сарын 10-ныг хүртэлх хугацаанд нийтийн тээврийн үйлчилгээний маршрутад өөрчлөлт оруулах болжээ. Тухайлбал, "Вокзал-Ботаникийн цэцэрлэг" чиглэлийн троллейбус Офицеруудын ордны уулзвараар буцаж эргэн үндсэн чиглэлээр явах бол "М:14 Улиастай-Сүхбаатарын талбай", "М:42 Улиастай-Сансар-ЗГАБааз-Согоотын гудамж, "М:27 5-н шар-Офицеруудын ордон-Баянзүрх товчоо, ХО Хонхор, Гачуурт, Хужирбулан, Налайх, Гордок, Ургах Наран, Тэрэлж чиглэлийн автобуснууд нь Офицеруудын ордноос Улаанхуарангийн гудамжаар явж, Шар хадны замаар буюу Эрдэнэ толгойн уулзвараар урагш эргээд, Цагдаагийн академийн баруун талын замаар явж үндсэн чиглэлдээ орохоор болжээ.
Эх сурвалж: Амралтын шуудан сонин
Сэтгэгдэл ( 0 )