Н.Даваагийн амийг хороох далд төлөвлөгөөтэй байсан юм уу

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 06


“Анод” банкны удирдлагуудыг дахиад хугацаа сунган хорих шийдвэрийг Баянзүрх дүүргийн шүүхээс гаргажээ. Өнгөрөгч долоо хоногт тэднийг батлан даалтанд гаргах гэж байсан боловч ийнхүү дахин 23 хоногоор сунгах болсонд өмгөөлөгч нар нь гайхацгааж байна. Уг нь тус банкны хэргийг прокрорт шилжүүлэхээр болсон. Харин яагаад “Анод”-ын гүйцэтгэх захирал Д.Энхтөр, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Э.Гүр-Аранз, Н.Даваа нарыг үргэлжлүүлэн хорьж буйд шүүгч болон прокурорууд тайлбар хийхгүй байгаа ажээ. Н.Даваагийн бие тун хүнд байна. Мэргэжлийн эмч нар энэ  талаар нэг бус удаа анхааруулжээ. Н.Даваа нь Иргэний хөдөлгөөний намын дарга бөгөөд “Гал үндэстэн” холбооны үйл ажиллгааг дэмжсэн гэдгээрээ ингэж чийгтэй, харанхуй шоронгийн орчинд, зүрхний өвчин нь улам даамжирч, үхлийн ирмэгт тулж иртлээ шаналан суугаа ажээ. Төрийн төмөр нүүр түүнд хатуурхахын цаад нарийн ширийн учрыг тайлах гээд өмгөөлөгч нар нь ч хүч хүрэхгүй болж байх шиг байна. Тэдний хэрэг гэгч нь анхнаасаа улс төрийн зорилготой байсан гэдгийг харин одоо хүн бүхэн хүлээн зөвшөөрөхөөс аргагүй болов бололтой. Саяхан Н.Даваатай хамтран зүтгэж явсан Иргэний хөдөлгөөний удирдагч О.Магнай “Н.Давааг цэвэр улс төрийн зорилгоор хорьж байгаа” гэсэн нь үнэн болж таарлаа. Мөн зарим эх сурвалжууд хэлэхдээ “Ерөнхий сайд асан С.Баяр түүнийг улс төрөөс зайлуулахын тулд зориуд зохион байгуулалттайгаар банкыг нь дампууруулаад, одоо өөрийг нь хороох хорон санаа агуулж байна” гэлээ. Үнэн бол ёстой аймаар юм. Ер нь Н.Даваа өнөөгийн төр засгийн бодлого үйл ажиллагааг хурцаар шүүмжилж байлаа. Үндэсний хэмжээний томоохон банк “Анод”-ыг тухайн үед татан буулгах шаардлага ч байгаагүй гэдэг. Гагцхүү өр зээлийн зовлонд унасан “Зоос” банкыг төрийн халамжинд авч, “Анод”-ын зээл болон зузаатгалын мөнгөөр энэ банкыг ивээн тэтгэхийн тулд улс төрийн хүрээнийхэн ээлжит жүжгээ тоглуулсан хэмээн Н.Даваа  удаа дараа мэдэгдэж байв. Одоо “Зоос”-ын удирдлагууд мөн Н.Даваа нар шиг шоронд суух болоод байгаа. Н.Даваагийн хувьд нэгэнт биеийн байдал нь муудсан бол батлан даалтанд гаргахад хууль номонд нь харшлаад байх юм байхгүй хэмээн өмгөөлөгчид нь өчсөөр байна. Гэвч шүүгч нар тоосон янзгүй сууна. Улс төрийн өндөрлөгөөс нясалсан “чулуу”-нууд нэг иймэрхүү л байдлаар эрдэнэт хүний аминд хүрч байсан гашуун түүх бий. Шүүгч нар нь өнөөдөр “Хорихоос Н.Даваагийн биеийн байдлын талаар ямар нэг бичиг ирээгүй” гэж мэлзэж байна. Гэтэл бие нь маш хүнд байгаа тухай бичиг түүний өмгөөлөгчид нь нарийн мэргэжлийн эмч нар болон хорихын удирдлагууд өгсөн, өмгөөлөгч нь үүний дагуу батлан даалтанд гаргах хүсэлтийг шүүгч, прокурорт илгээжээ. Харин тэд өөдөөс нь тавлах, тохуурхах мэт тийнхүү “Бичиг ирээгүй” гэх нь наанадаж хүнлэг чанарт нийцнэ гэж үү. Тэдний ийм  муйхар үг “Н.Даваа чи наанаа үх” гэсэнтэй эгээ ижилхэн сонсогдож байгаа юм. Н. Даваагийн эхнэр Т.Оюунцэцэг дахиад л эмч, хорихын дарга нартай уулзаж тэрхүү бие нь маш муу байгааг анхааруулсан бичгийг нь өчигдөр авчээ. Ийнхүү хэдэн удаа нэг ижил утгатай бичиг зөөх юм бүү мэд. Прокурор, шүүгчид нь бул хар чулуу суусаар байх уу. Тэгээд энэ хороонд хүний алтан амь үрэгдэх үү.  Н.Даваагийн амийг хороох эрх баригчдын далд төлөвлөгөө хэрэгжиж буй нь энэ юм уу..  Арай үгүй баймаар. Гэвч харж л байхаас.

Б.Отгонбаяр

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top