Дэлхийн шилдэг эмч нар сургалт явуулж эхэллээ

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 06

Дэлхийн мэдрэлийн мэс заслын холбооноос зохион байгуулж байгаа Монголын эмч, мэргэжилтнүүдэд зориулсан тав хоногийн сургалт эхэллээ. ЭМЯ-ны сургалт, мэдээллийн төвд болж байгаа энэ сургалтын зорилго нь Монголын мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээг дэлхийн түвшинд ойртуулахын тулд эмч нарын мэдлэг мэргэжлийг системтэй дээшлүүлж, байнгын тасралтгүй сургалтанд хамруулснаар иргэдэд баталгаатай, чанартай, эмнэлгийн төгс үйлчилгээг үзүүлж, гадаадад хийлгэх эмчилгээний урсгалыг бууруулахад оршиж байгаа юм байна. Олон улсын түвшинд хүрсэн энэ сургалтад хичээл заахаар Дэлхийн Мэдрэлийн Мэс Заслын Холбооноос тус холбооны ерөнхийлөгч АНУ-ын эрдэмтэн, ноён Петр Блек, тус холбооны Сургалт, боловсролын хорооны дарга Японы эрдэмтэн Юко Като нарын зэрэг АНУ, Япон, Бразил, Франц, Итали, Хятад, Аргентин, Индонез гэх мэт 10 гаруй орны 40 гаруй эрдэмтэд ирээд байна. Сургалтад манай улсаас хот хөдөөгийн 150 орчим эмч мэргэжилтнүүд хамрагдаж байгаа аж. Монголын Мэдрэлийн Мэс Заслын Нийгэмлэг нь 2007 онд дэлхийн мэдрэлийн Мэс Заслын Холбоонд элссэнээс хойш улс орноо төлөөлөн тус холбооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцож иржээ. Энэ удаагийнх дэлхийд нэр хүндтэй томоохон сургалт болохын хувьд олон талын ашигтай, үр өгөөжтэй бөгөөд манай улсын мэдрэлийн мэс заслын хөгжлийг дэлхийн түвшинд ойртуулахад ихээхэн тус дэм болох учиртай юм. Сүүлийн үеийн судалгаагаар манай оронд мэдрэлийн өвчлөл улам ихэссээр байгаа бөгөөд нарийн мэргэжлийн тусламж бүрэн авч чадахгүйгээс нас баралт буурахгүй байна. Дэлхий нийтэд тархи нугасанд 400 гаруй төрлийн хагалгаа хийгддэгээс манайд дөнгөж 70 орчим нэр төрлийн хагалгаа хийж байна.

Эх сурвалж: Амралтын шуудан сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top