Гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр алга болчихжээ. Дөнгөж өчигдөрхөн хэвлэлүүд түүнийг Солонгос эмчлүүлж байгаа гэж байлаа. Одоо тэр тэндээ байхгүй бололтой. МАХН-ынх нь Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал “Дарга маань цөсөө авахуулах мэс засал хийлгэхээр Солонгос явсан” гэсэн. Үүнээс нь хойш долоо хонож байна. Сураг алга. Гэвч Н.Удвал нэг л юм нуугаад байх шиг байсан. Тэрээр Н.Энхбаярын талаар анх лавлахад их дурамжсан хариулж байлаа. Дургүйцэх шалтгаан нь Н.Энхбаярын өвчлөл байсан байж болох юм. Зарим нөхөд баашлаад худлаа өвддөг дөө. Эсвэл бусдад дуулгаж боломжгүй өвчин тусчихав уу. “Сааль сүүний цагаар үхэж байдаг мөн дүүрчихсэн бэр юм даа” гэсэн нэгэн хошин атлаа, хоржоонтой, бас зэвүү хүрмээр яриа хөдөөгийн малчин айлаас олны сонорт хүрч байсан юм гэсэн. Тэрүүн шиг их улс төрийн савалгаа ид хүчээ авах гэж байхад алга болчихдог мөн сонин хүн юм аа, энэ Н.Энхбаяр. Түүний хаана байгааг олж тогтоохоор саваагүй сэтгүүлчид хэдэн тийш нь утас цохилоо. Мэдэх хүн ер байсангүй. Ерөнхийлөгчийн нэг бүрэн эрхийн хугацаанд төрийн хамгаалалтанд байх ёстой тэрээр Солонгост байгаа бол Н.Удвал авгай “Манай дарга төдийд ирнэ” гээд л намилзаж байх байсан биз, уг нь. Гэвч тэр цөсний мэс заслаас өөр юу ч хэлсэнгүй. Ядахнаа хамгаалалтын албаны ажилтан, ахмад Цолмонбаатар нь “Та нарт мэдээлэл өгөх боломжгүй. Төрийн тусгай хамгаалалт гэдэг бол нууцын зэрэглэлтэй. Тиймээс хамгаалж байгаа хүнийхээ талаар бид ямар нэг мэдээлэл өгөхгүй” гээд манийгаа хана мөргүүлж орхилоо. Уг нь Н.Энхбаярыг Монгол улсын Ерөнхийлөгч байсных нь хувьд ард түмэн маань мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэнд эсэхийг тодоруулах эрхтэй юм л даа. Иргэдийнхээ ийм эрх ямбыг хүндэтгээд хэвлэл мэдээллийнхэн асуудлын араас хөөж, сурвалжилж явдаг тамын ажилтай улс. Өнөөдөр Н.Энхбаяр ямартай ч хаана байгааг нь хэн ч мэдэхгүй байна. Тагнуулчид маань ч ямар нэг мэдээлэлгүй байгаа бололтой. Тиймээс гурав дахь Ерөнхийлөгчөө эрэн сурвалжлах тусгай ажиллагаа зохион байгуулахаас аргагүй болж байх шиг байна. Бүгдээрээ эрэлд мордоцгоох уу, тэгээд.
Б.Отгонбаяр
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн шилдэг портал
Сэтгэгдэл ( 0 )