Жүжигчин Ө.Мөнх-Эрдэнэ: Амьдралын ритм алдагдаж, “Шөнийн охин” гэдэг шиг гэртээ ч харихаа больсон доо

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 06

Таван найзын адал явдлаар дүүрэн "Амьдралд тавтай морил" 80 ангит инээдмийн кино орой бүр үзэгчдийг дэлгэцийн өмнө "уяж" байна. Төгсөөгийн нарийн тооцоотой зан, аварга болох мөрөөдөлтэй Билгээгийн хичээл зүтгэл, Болдоогийн нисдэг машин бүтээх хүсэл, аливаа зүйлийн арга эвийг амархан олчихдог сэргэлэн Ганаа зэрэг хүн бүрийн онцлог энэхүү киног чимнэ. Таван найзын ганц сарнай нь Золоо. Багадаа загвар өмсөгч болохыг мөрөөддөг байсан ч тэрээр зурагчин болсон. Гарын таван хуруу шиг найзуудын нэг Төгсөөгийн дүрд тоглосон жүжигчин Ө.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа. Төгсөө уушийн газрын захирал, зөөгч, угаагч, нягтлан гээд л бүх ажлыг өөрөө амжуулдаг нэгэн билээ.

-Киноны дүр  жүжигчин Э.Мөнх-Эрдэнэтэй төстэй юу. Одоо үзэгчид таныг "харамч Төгсөө" гэж дууддаг болсон гэв үү?

-Надаас тэс өөр дүр. Би нарийн тооцоотой байж чаддаггүй. Хэрэв Төгсөө шиг байсан бол одоо нэлээд баян "гар" явна биз. Алсын хараатай, нийгэмд эзлэх байр сууриа олохын төлөө хичээдэг, их сэргэлэн, хөдөлгөөнтэй дүр дээ.                            -Энэ кинонд тоглосноор таны амьдралд ямар өөрчлөлт гарсан бэ. Олон ангит кино жүжигчин хүнд туршлага болж, үр өгөөжтэй байдаг гэдэг?

-Би өмнө нь олон ангит кинонд тоглож байсангүй. "Амьдралд тавтай морил" бүтээл надад томоохон сургалт болж чадсан. Зураг авалт зургаан сар үргэлжилсэн. Одоо ч дуусаагүй. Энэ хугацаанд өдөр бүр дүрээ яаж сайн гаргах вэ хэмээн бодож ирсэн. Мөн кинонд тоглоод амьдралын маань ритм бага зэрэг алдагдсан. "Шөнийн охин" гэдэг шиг гэртээ ч харихаа больсон доо.

-Зураг авалт нь хэзээ дуусах юм бэ. Үзэгчид яаж төгсөх талаар их асууж байна уу?

-Энэ сарын 25-нд зураг авалт дуусна. "Амьдралд тавтай морил" кино ямар ч гэсэн аз жаргалтай төгсөнө гэж хэлье. Нарийн мэдэхгүй байна. Яагаад гэхээр киноны зохиол одоо ч дуусаагүй байгаа. Бид сайтаар дамжуулан үйл явдлыг хэрхэн өрнүүлэх талаар үзэгчдээс санал авч байна. Харж байхад манай киног гадаадад байгаа монголчууд их үздэг, санаа бодлоо илэрхийлдэг юм билээ. "Та нар тийм гоё үг хэрэглээч, тийм хувцас ирсэн байсан. Тэр бүхнийг кинондоо шиптээд л явж байгаа.

-Дөрвөн найзынхаа хэнтэй нь илүү дотно вэ. Зураг авалтын үеэр маргалдах зүйл гардаг уу?

-Жүжигчдэд дүрээ хамгаалах тохиолдол байдаг учраас найруулагчтайгаа ам зөрөх зүйл гарна. Гэхдээ тийм сүртэй юм болохгүй. Найзын дүрд тоглож байгаа учраас амь нэгтэй, муудна гэж байхгүй. Бүгдтэй нь дотно байдаг. Золоод тоглодог охинтой хуурай ах, дүү болсон. Манлайтай нэг хамтлаг болохоор эртнээс биенээ мэднэ. Эрхмээтэй ч Драмын театрт байхаас нь эхлээд найз нөхөд гэж явлаа. Харин Ууганааг сайн таньдаггүй байлаа. Тийм сайхан сэтгэлтэй, хүн чанартай залуу гэж бодоогүй.

-Танай кино багийнхныг саяхан бааранд агсам тавиад бөөн юм болсон гэж сонссон. Үнэхээр тийм зүйл болсон юмуу?

-Бид тэр мэдээллийг уншаад үхтэлээ инээсэн шүү. Ташаа, ямар ч логикгүй мэдээ байсан. Тэднийхээр Солонгосын иргэн надаас гарын үсэг авах гэхэд нь би агсарсан юм билээ. Намайг тоож гарын үсэг авна гэж үү. Үнэхээр инээдтэй юм.

-Таныг киноноос олсон мөнгөөрөө шинэ "Ferrari" автомашин авсан талаар вэб сайтуудад бичжээ. Ер нь олон ангит кинонд тоглоод дажгүй мөнгө авах уу?

-Үнэхээр тийм бол сайхан л юм. Энэ ерөөл бат оршиг. Одоогоор би "Ferrari"-тай болоогүй байна. Мэдээж бид кинонд тоглоод тодорхой хэмжээний мөнгө авна. Гэхдээ хүмүүсийн бодож байгаа шиг тийм их биш.

-Удахгүй кино дуусна. Дараагийн ажлаа төлөвлөчихсөн үү?

-Тийм ээ. Энэ киноны багаараа нэг ангит инээдмийн кино хийхээр болсон. Одоо зохиолтой нь танилцаж байна.

-Одоо камертай бүхэн кино хийдэг болжээ. Кино маань урлаг гэхээсээ илүү бизнес болоод байна уу. Энэ талаар юу хэлэх вэ?

-Олон хүн кино урлаг руу орох тусмаа сайн. Өрсөлдөөн нэмэгдэж байж тэндээс сайн уран бүтээл төрнө. Тэртэй тэргүй шүүлтүүрээр ороод л аль нь сайн, муу нь гараад ирнэ. Ер нь тэгээд 100 хувь кино хийнэ гэж байхгүй. Бид бурхан биш шүү дээ. Алдаа оноо байж л таараа.

-Та драмын жүжигчний анги төгссөн байх аа. Мэргэжлийн уран бүтээл хийе гэж боддог уу?

-Энэ талаар бодоогүй биш бодсон. Драмын жүжигчин болгон сонгодогт тоглохыг хүснэ. Гэхдээ хошин урлагт орсноор надад алдсан зүйл байхгүй. Нэг л мэдэхэд энэ талбарт орчихсон явсан. Магадгүй миний хувь тавилан байх. Урлагт ямар нэгэн томъёо байхгүй. Тайзан дээр гарах, кинонд тоглох, нэвтрүүлэг бэлтгэх зэрэг бүх зүйл нь мэдрэмжийн асуудал байдаг.

-Хошин урлагийг зарим хүн муулдаг. Харин та өмөөрдөг хэсэгт нь баггах байх?

-Хүнд инээд бэлэглэнэ гэдэг буян юм. Тэр буянаар манай хошин урлагийнхан их сайхан явна гэж боддог. Энэ салбарыг Монгол шиг бие даасан номер болгон хөгжүүлж байгаа газар алга. Олон зүйлийг нэг дор үзүүлж, жүжигчид нь богинохон хугацаанд туршлагатай болж байгааг харах сайхан байна. Цаашид ч энэ эрчээ алдахгүй байх аа. Энэ талаар Бооёо ах их сайхан хэлсэн байдаг "Идсэн эрүү хувхайрч идүүлсэн бут ургана" гэж. Тийм болохоор Монголын хошин урлаг хөгжинө гэж боддог.

-Жүжигчин Ө.Мөнх-Эрдэнэ од мөн үү. Энэ үгийн талаар юу гэж бодож байна вэ?

-Манайд олон од байхгүй. Хэдхэн том, нэр алдартай хүн бий. Бусад нь зүгээр л одыг тоглогч юмуу даа. Өнгө үзэмжээр өөрийгөө гоёж, өөртөө стиль имиж, өндөр үнэтэй хувцас хайдаг хулхины од зөндөө байдаг. Би тэгж амьдрахыг хүсдэггүй. Миний амьдрал амгалан байвал надаас сайн уран бүтээл гарна. Хүний нүдэн дээр үнэтэй, ганганыг хөөдөг хүмүүс өрөмдмөөр санагддаг. Хүн байгаагаараа л байх сайхан.

-Жүжигчид бүгд мөрөөдлийн дүртэй байдаг. Таны хувьд?

-Дотроо айхтар шатаж явдаггүй. Эсрэг талын дүрд тоглох юмсан гэсэн бодол бий. Хааяа гэртээ бэлддэг. Диалог зохиогоод толиндоо хараад жүжиглэнэ. Ер нь сайн зохицох юм шиг санагддаг.

Эх сурвалж: Өөр мэдээ сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top