Биокомбинатынхан том оврын машин зорчуулахгүй гэж хаалт босголоо

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 08

Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо буюу Биокомбинат хэмээх нийслэлээс алслагдсан бүсэд амьдарч буй  иргэд тун бухимдалтай байна. Бухимдах шалтгаан ч их ажээ.
Био руу явдаг автобус ховор. Цаг тутамд нэг явдаг автобус нь хүний тэвчээр, эрүүл мэндэд том шалгуур тавьдаг донсолгоо ихтэй замаар явдаг. Замыг там болгосон буруутан нь хүнд даацын машин. Энэ замаар 30-50 тонны даацтай машин өдөр шөнөгүй холхилдох бөгөөд 24 цагт 700 гаруй том оврын машин Биогоор дамжин явдаг байна. Үүний улмаас зам их эвдэрч, салаа зам гаргаснаас тоос босдог ажээ.
Энэ талаар оршин суугчид: “Том машинууд зам маш их эвдэж, үүнийхээ хажуугаар дахин зам гаргаж тоосонцор үүсгэдэг. Тоос шороо,чимээ шуугиан дотор амьдарч байгаа бидний тэвчээр үнэхээр барагдаж байна. БОАЖЯ, ЗТБХБЯ, ЗЦГ, МХЕГ зэрэг олон газарт шаардах хуудас хүргүүлсэн ч нэмэр болсонгүй.  Амьдрах нөхцөлгүй болсон учраас нийлж шон босгоод хүнд даацын машин явуулахгүй байгаа. Одоо шонгийн цементийг хаттал нь манаж байна.  Ядаж байхад хүнд даацын машины жолооч нар дандаа согтуу явдаг. Саяхан нэг дугуйтай хүн дайрчихаад хэргийн газраас зугтсан. Одоо тэр хэргийг мөрдөж байгаа. Өмнө нь нэг хүүхэд дайрсан, өнгөрсөн жил шатахуун түгээх станц дайрч унагасан. Согтуу, дээрээс нь байнга уралдаж, маш хурдтай явдаг болохоор дуу чимээнд нь унтаж амарч чадахгүй байна. Настай хүмүүсийн даралт ихсэж, зүрх нь өвддөг боллоо. Энэ хавьд 40 орчим карьер байдаг. Ихэнх нь УИХ-ын гишүүн, дарга сайд нарынх. Зам засаад л өгчихвөл асуудал гарахгүй. Тоосжилт үүсэхгүй байвал болно. Уг нь энэ замыг хүнд даацын зам болгох төсөв батлагдсан гүйцэтгэх компани олдохгүй байгаа” гэж учирлаж байлаа. 
Биокомбинатын оршин суугчдын хамтран босгосон 3 м өндөр, улаан, цагаан өнгөөр алаглуулан будсан тус хаалтын доогуур зөвхөн том оврын автобус, жижиг тэрэг л зорчих боломжтой юм байна. Энэ хаалт доогуур автобустай ижил өндөртэй Солонгосын машин багтааж байгаа. Тиймээс автобусны хэлбэрт тааруулан хаалтныхаа дээд талыг бөгжилж өгөх гэнэ.  Ингэснээр тэдгээр машиныг явах боломжгүй болгож байгаа юм. Цонхоо ч онгойлгож чадахгүй тоос шороонд дарагдаж, дуу чимээнд дарлуулж амьдарч байгаа иргэд ийнхүү эсэргүүцлээ илэрхийллээ.
Биокомбинатын замыг засахгүй бол нутгийн оршин суугчид, хүнд даацын машины жолооч нарын хооронд ширүүхэн “тулаан” өрнөхөд бэлэн байна.

А.Баярмаа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн шилдэг портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top