ЗТБХБЯ-ныхан Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны дарга П.Хашчулуун, Хөгжлийн банкны тэргүүн дэд дарга Л.Болормаа нартай уулзаж, дэд бүтцийн салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа томоохон төслүүдийн санхүүжилтийн асуудлаар ярилцжээ. Хөгжлийн банк байгуулагдсанаасаа хойш өнөө хүртэл нэг ч төгрөгийн хөрөнгө босгож амжаагүй, мөн хэзээ хаанаас ямар мөнгө орж ирэх, эхний ээлжинд дэд бүтцийн салбарт хэрэгжихээр бэлэн болоод хүлээж байгаа аль төслийг санхүүжүүлэх талаар тодорхой мэдээлэлгүй байгаа тус банкныхны назгайрал Х.Баттулга сайдыг ихэд бухимдуулсан байна. Наадмын дараа намар. Намрын дараа өвлийн хүйтэн золгож хүрз, жоотуу бариад бүтээн байгуулалтын ажил хийх боломжгүй цаг агаарын онцлогтой оронд урин дулаан улирлыг ийнхүү алдаж байгаа нь харамсалтай. Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр, шинээр баригдах 1100 км замын ажил ч ялгаагүй Хөгжлийн банкнаас хөрөнгө оруулалт л хүлээж байгаа юм. Монгол Улсыг хөгжилд хөтлөх зорилго агуулсан нэртэйгээр байгуулагдсан тус банк их ажил амжуулсан гэж тэргүүн дэд дарга Л.Болормаа хэвлэлийнхэнд уулзалтын үеэр ярьжээ. Гэхдээ түүнээс яг юу хийсэн бэ хэмээн лавласан сэтгүүлчийн асуултад "Байраа засч орсон, хүмүүсээ ажилд авсан, манайхан орой найман цаг хүртэл ажилладаг" гэх мэтийн аар саар зүйл ярьжээ. Юутай ч бүтээн байгуулалтын ажил ид өрнөдөг хавар, зуны турш Хөгжлийн банкныхнаас хэзээ ч юм бэ босгож ирэх хөрөнгийг хүлээсээр цаг алдсан олон ажил бий юм.
Эх сурвалж: Нийслэл таймс сонин
Сэтгэгдэл ( 0 )