Т.Очирхүүгийн мөрөөдөл Оросоос орж ирэх “салхинд” бүү хийсчихээсэй

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 08

Монголын төмөр замчид саяхан 62 жилийнхээ ойг тэмдэглэв. Улс, аймгийн наадам шиг учир тоймоо алдтал эд мөнгөөр халгиж цалгисангүй, даруухан баярлав бололтой. Уг нь цагтаа төмөр замынхныг “Вант улс” хэмээн нэрлэдэг байлаа. “Р.Рашийн вант улс” гэх нь ч бий. Одоо Р.Раш дарга УИХ-д сууж байна. Улаанбаатар төмөр замын 50 хувийг нь Орос, 50 хувийг нь Монгол эзэмшдэг. Хоёр улсын хамтарсан хөрөнгөөр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Р.Раш дарга энд их зүйлийг хийж бүтээсэн. Түүний дараа орос даргатай байж үзсэн. Харин өнгөрсөн онд Сангийн дэд сайд Т.Очирхүүг даргаар нь томилсон юм. Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” бол том айл. Тэнд одоо 15 мянган хүн ажиллаж байна. Зах зээлийн харилцааны эхний жилүүдэд нэлээд алдагдалтай ажиллаж байсан гэдэг. Техник, тоног төхөөрөмжүүдээ шинэчлэх гээд хөрөнгө шаардсан зүйл ихтэй. Арга ч үгүй биз. 1949 оны гэрээ хэлэлцээр нь одоо болтол хүчинтэй хэвээрээ юм чинь. Энэ нь орчин цагийн цоо шинэ харилцаатай зохицохоо больчихсон. Нөгөөтэйгүүр хувь нийлүүлсэн, төрийн өмчит энэ аж ахуй руу зарим дарга нар сэм сэмхэн “хулхи” бараа шахчихдаг байсан гэнэ лээ. Р.Раш болон түүний дараа томилогдон ажиллаж байсан орос дарга нарын үед иймэрхүү мэдээлэл хаа сайгүй цацагддаг байлаа. Т.Очирхүүг очсоноос хойш харин арай гайгүй байх шиг байна. Мань хүн зугуухан атгандаа хийж байгаа бололтой. Төмөр замчдынхаа нийгмийн асуудлыг цогцоор нь шийдэх талаар нэлээд ажил амжуулж яваа бололтой. Алсыг харсан, томоохон хөтөлбөр хэрэгжүүлж, яваандаа бүтцийн өөрчлөлт хийж, төмөр замын зарим хэсгийг хувьчилж эхлэх юм байна. Ингэхдээ юун түрүүнд оросуудтайгаа ярьж, тохиролцож байгаад Монголын талын хувь эзэмшлийг 51 болгох ажээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Орост айлчлахдаа энэ талаар Оросын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нартай ярьсан яриа ч байгаа. Оросууд аль болох ашиг өндөртэй, шинэлэг бүтэцтэй байхыг нь хүлээн зөвшөөрдөг юм гэсэн. Гэхдээ тэд 50:50 гэсэн эзэмшилтэй явж ирсэн 60 гаруй жилд аливаа асуудлыг зонхилон өөрсдөө мэдэж шийддэг, манай дарга нар тэдний амыг хараад суудаг байлаа. Т.Очирхүү дарга ойн үеэрээ  хэвлэлүүдэд өгсөн ярилцлагадаа нэлээд итгэл муутайхан “Оросууд л мэддэг шүү дээ” гэсэн янзтай хариулт өгсөн байна лээ. Гэвч тэр 51 хувийг монголдоо үлдээхийн төлөө бүхнийг хийх байх. Оросууд саяхан төмөр замын шинэ зүтгүүр 30 гаруйг өгөхөөр болсон. Төмөр замыг техникийн хувьд нь шинэчлэх, чанаржуулахад бид оросуудыг л харж суух хойно доо. Эдгээрээс эргэцүүлж үзсэн ч монголчууд 51 хувийг эзэмшдэг болох мөрөөдөл биелэх нь тун хэцүү байж мэдэх юм. Оросоос ойрын жилүүдэд хүч түрсэн “салхи” хуйлран орж ирэх байх. Тэд манай байгалийн баялгийг эзэмшихийн хажуугаар төмөр зам дээр ноёлсон хэвээрээ байхыг хичээж байгаа. Тиймээс Т.Очирхүүгийн мөрөөдөл салхинд бүү хийсчихээсэй.  

Б.Отгонбаяр

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн шилдэг портал 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top