Хотын хөрсний бохирдол агаарынхаас илүү их зовооно, гэтэл эрхмүүд мөнгө угаасаар байх уу

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 08

Хотын агаарын бохирдлын эсрэг сүүлийн үед дээр дооргүй хөдөлж эхэлсэн. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гүйцэтгэх засаглалын ажилд хөндлөнгөөс оролцсон гэх нэр зүүсэн ч хотын захиргааныхныг араасаа чирсээр тодорхой төсөл, хөтөлбөрийг үр ашигтай хэрэгжүүлэхэд жаахан ч гэсэн ахиц гаргах төлөвтэй болж байгаа. Тэрээр агаарын бохирдлыг ойрын үед 50 хувь хүртэл бууруулах боломжтой гэсэн. Түлш хэмнэх, хортой утаа ялгаруулдаггүй зуухаар гэр хорооллын айлуудыг хангах ажил ид явагдаж байна. Зуухны үнийг нь хямдруулахаар боллоо. Харин хөрсийг хамгийн ихээр бохирдуулж буй гэр хорооллын жорлон, муу усны нүхийг ариутгах ажил тун хангалтгүй байгаа ажээ. Зөөврийн болон гүний усан хангамжтай худгуудад шинжилгээ хийгээд үзтэл нэлээд хэсэг нь бохир  гарсан. Гүний худаг гэдэг нь 30-120 метрийн гүнээс гаргаж авч байгаа ус юм л даа. Тэгвэл гэр хорооллын жорлонгийн бохир нь ийм хэмжээнд хүртэл хөрсөндөө нэвчиж шингэсэн байна гэсэн үг юм. Мөн хөрсөн дээрх бохирдол ч маш их болжээ. Үүнээс болоод хүний биед халдварлах олон төрлийн өвчин үүсгэгч бактерууд улам өсч байна. Төрөл бүрийн харшлын өвчнөөс эхлээд уушиг, элэг, ходоодны өвчлөл ихэвчлэн бохирдсон ус, хөрснөөс эх үүсвэртэй ажээ. Хотын захиргаанаас  үүний эсрэг энэ жил авч хэрэгжүүлсэн нэг томоохон ажил нь “Тамир эм” гэгч био бэлдмэлийг айлуудын жорлон, муу усны нүхэнд хийж ариутгах явдал байлаа. Энэ бэлдмэлийг Орос, Японы эрдэмтэн, судлаачид бүтээсэн юм гэсэн. Хотын захиргаа “Ирвэс-Интертрейд” компаниар ажлаа хийлгэжээ. Тус компани оруулж ирсэн бэлдмэлээ гэр хорооллын айл өрхийн тоогоор бүрэн хангасан гэдэг. Дүүрэг, хорооны удирдлагууд ч тараах ажлыг нь хамжилцжээ. Гэвч жорлонгийн хаалган дээр нь нэг бичиг нааснаас хэтэрсэнгүй. Зарим  айлууд нь уг бэлдмэлийг огт аваагүй, жорлонгоо ариутгаагүй гэнэ. Бэлдмэлийг хэрэглэсэн айлууд нь нэг ч ялаа энэ хорноос нь дайжиж алга болсонгүй. Үр дүн харагдсангүй гэж байна. Олны үг ортой гэдэг. Ийм ариутгалын ажил өрнөснийг олж сонсоогүй айлууд бас олон байгаа ажээ. Тодорхой ахиц өөрчлөлт өгөхгүй бол тэрийг нь авч хэрэглээд ч яах билээ дээ. Сонсоогүй, мэдээгүй байсан нь ч дээр биз. Сэтгэлийн зовлонг л нэмэхээс хойш юугаа хийхэв. Харин гэр хороололд мундаг сайн ариутгал хийнэ гээд нийт 1.5 тэрбум төгрөг салхинд хийсгэсэн дарга нар хариуцлага хүлээх үү. Үгүй л болов уу. Үүнээс байтугайд хариуцлага үүрдэггүй улс биз дээ. Одоо хотын захиргааны хэн нэг эрх мэдэлтний шахааны бизнест “Ирвэс-Интертрейд” гэгч компани оролцсон гэдгийг  ойлгоод л хоцрох болж байх шиг байна.

Б.Отгонбаяр

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн шилдэг портал 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top