Монгол орон рашаан ус элбэгтэй. Гэхдээ сүүлийн жилүүдэд алт хайгчид нэлээдийг нь сүйтгэж, хордуулж байна. Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт далайн түвшнээс 200 метрийн өндөрт, Улаанбаатар хотоос 678 км зайд оршдог Шаргалжуутын рашаан бол хэзээ ч давтагдашгүй ховор нандин зүйл юм. Байгаль эхийн бүтээсэн энэхүү цогцолбор бүрэн судлагдаагүй байгаа. Рашаан ус нь 108 ундаргатай. Үүнээс зөвхөн 25-ыг нь ашиглаж байна. Гэхдээ анагаах чадвар нь гайхамшигтай. Үе мөчний өвчнөөс эхлээд төрөл бүрийн эмгэгийг анагаадаг. Тиймээс энэ ариун уснаа монголчууд төдийгүй гадаадынхан олноороо ирж биеэ эмчилдэг болжээ. Тэр жил Украинаас ухаан алдаж унадаг 11 настай жаахан охиноо ээж нь тэвэрч авчраад тэнд эдгээсэн. Өмнөх нийгмийн үед Хөдөө аж ахуйн нэгдэл дундын үйлдвэр болон Үйлдвэрчний эвлэлийн нэр дээр эндхийн рашаан сувилал харьяалагдаж байлаа. Зах зээлд шилжсэний дараа хувьчлагдаж, Т.Түмэндэмбэрэл захиралтай “Аварга тосон” компанийн мэдэлд очсон юм. Шаргалжуутын рашаан сувилал нэг ээлжиндээ 400 хүн хүлээн авах хүчин чадалтай. Гэвч тэнд рашаан усанд эмчлүүлж, сувилуулагчдын тав тух муу, хоол унд хүрэлцээгүй, чанаргүй, эмч сувилагч нар нь эмнэлгийн наад захын тоног төхөөрөмжгүй болоод байгаа ажээ. Өвчинд шаналсан хүмүүс өдрийн 25 мянгаар люкс өрөөнд суух, 15 мянгаар ердийн өрөөнд толгой хоргодох ялгаагүй, үйлчилгээ тааруухантай гэнэ. Амарч сувилуулагчид нь иймэрхүү зөрчил дутагдлыг хэлж засуулах гэхээр өөдөөс нь “Дургүй бол боль” гэсэн үгээр хариу барина. Өөр үг мэдэхгүй болсон юм шиг, тун сонин. Ажилтнуудтай нь юу ч яриад нэмэргүй гэнэ. Аргаа барсан сувилуулагчид сүүлдээ ийм нандин рашаан усыг түшиглэж байгуулагдсан сувиллын газрын хувьчлалыг цуцлуулах тухай саналаа ч дээш нь уламжлах болоод байна. Алт хайгчдын гарт сүйтгүүлчилгүй үлдсэн Шаргалжуут рашаан сувилал харин ийнхүү хүнд сурталтнууддаа баллуулж магадгүй бололтой.
Х.Тулга
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )