Их тэнгэрийн боом муухан найруулгатай жүжиг байжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 09

Улс төрийн элдэв шуугиан, цуурхал ар араасаа дэлгэгдсээр байна. Өнгөрсөн хаврын том сенсаацын нэг нь Их тэнгэрт дэгдсэн гэх малын гоц халдварт боом өвчний шуугиан байлаа. Төрийн тусгай хамгаалалттай бүсэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувийн мал байсан, тэгээд нэг үхэрт боомын шинж тэмдэг илэрч тэр хавийн мал сүргийг хиаруулах дөхсөн гээд л цуурсан. Гэтэл өнөө үнээ нь эрүүл гэсэн шинжилгээний дүн гарчээ. Бүр тугалд хүртэл боомын шинж тэмдэг илэрсэнгүй. Заавал ч үгүй ямар нэгэн халдварт өвчний баримт илрүүлэх гэсэн нөхөд тэр айлын бүх маланд шинжилгээ хийлгэсэн гэнэ. Гэсэн ч бас л эрүүл гарсанд өнөөх шуугиан дэгдээх гэсэн нөхөд барьц алдаж эхэлжээ. Ямар сайндаа мал эмнэлгийн шинжилгээний хариуг хольж, сольсон байна гэсэн яриа гарч бие бие рүүгээ түлхэх билээ дээ. Ийнхүү Ерөнхийлөгчийн нэрийг холбогдуулах гэсэн “боом” ажиллагаа бүтэлгүйтэж, цаг өнгөрөхийн хэрээр мартагдаж буй ч иймэрхүү улс төрийн увайгүй аргаас манайхан мөддөө салахгүй нь бололтой дог. Их тэнгэр төрийн тусгай хамгаалалттай болохоор өөрийн гэсэн захиргаа, удирдлагатай айл. Хэнийг, юуг оруулж гаргах вэ, тусгай хамгаалалттай газар хэдэн мал байх вэ гэдгийг удирдлага нь шийдэхээс бус, Ерөнхийлөгч тэнд шилбүүр бариад үхэр хариулж явахгүй. Байдал ийм ойлгомжтой байхад Ц.Элбэгдорж боом тараасан гээд шуугисан нь муухан найруулгатай жүжиг болох нь харин ч батлагдаж байна.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top