Гэр хорооллын айлуудын хашаа байшингаа орон сууцаар солих ажлыг нийслэлийн Сүхбаатар дүүргийн IX, XI хорооноос эхлүүлсэн. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын харьяа Гэр хорооллыг орон сууцжуулах төслийнхөн энэ ажлын хүрээнд айлуудын газрыг чөлөөлөхөөр ажиллаж байна. Нийт 512 айлын газрыг чөлөөлөхөөс одоогоор 30 гаруй айл газраа чөлөөлж, X хорооллын “Голден парк” хотхоны орон сууцанд оржээ. Гэр хорооллын айл өрхийн нэг ам метр газар нь 100 мянган төгрөгийн үнэлгээтэй. Мөн хашаанд байгаа үл хөдлөх хөрөнгө, байшинг давхар үнэлж, үнэлгээний мөнгийг иргэдэд бэлнээр олгож байгаа аж. Тус хорооллын нутагт 85.99 га газарт 2500 айл, өрхийн 7350 хүн ам, 220 га барилгажсан газар нутагт 1350 өрхийн 8900 хүн ам оршин сууж байна. Эдгээр айлыг нүүлгээд орон сууцаас гадна сургууль, цэцэрлэг, эмнэлэг, тоглоомын талбайгаас бүрдсэн иж бүрэн цогцолбор барилга барих юм.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )