Газрын тосны чиглэлээр гадаадад суралцах оюутныг шалгарууллаа

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 09

 

ЭБЭХ-ний сайд, БСШУ-ны сайдын  хамтарсан тушаалаар батлагдсан “Сургалтын дансны хөрөнгөөр суралцах иргэдийг сонгон шалгаруулах, хөрөнгийг зарцуулах журам”-ын 10.2 дахь заалтын дагуу энэ  оны 6-8 дугаар сарын хооронд ЭБЭХЯ, БСШУЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын тосны газар, ШУТИС, МҮОНТ хамтран “Газрын тосны чиглэлээр гадаадын их, дээд сургуульд тэтгэлгээр суралцах таван оюутныг сонгон шалгаруулах уралдаант нэвтрүүлэг”-ийг зохион байгууллаа. Уралдаант шалгаруулалтад дотоодын их, дээд сургуулийн нэг, хоёрдугаар дамжааг сурлагын 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж төгссөн 111 оюутан бүртгүүлснээс БСШУЯ-наас зохион байгуулсан англи хэл, математикийн шалгалтад өндөр оноо авсан 30 оюутан анхны шатанд шалгарчээ.
Газрын тосны газраас зохион байгуулсан газрын тосны салбарын үйл ажиллагааны талаарх хоёр өдрийн сургалт, танилцах дадлагад оролцсон идэвх, “Газрын тос ба миний сэтгэгдэл” эссэ бичих гэрийн даалгаврын оноогоор хоёр дахь шалгаруулалтыг явуулж, 18 оюутан гуравдугаар шатанд орох эрх авсан байна.

“Мөрөөдөл” зусланд оюутнуудын дунд мэдлэг чадвар, авьяас, авхаалж самбаа, тэсвэр хатуужил, багаар ажиллах чадварыг сорих олон төрлийн тэмцээнд тэргүүлсэн 9 оюутан гурав дахь шатанд шалгарчээ. Харин сүүлийн шатанд шүүгчдийн нийт оноогоор гадаадад суралцах эрх авах шилдгийн шилдэг 5 оюутан тунаж үлдсэн байна. ОХУ, БНХАУ-ын Газрын тосны их сургуульд тэтгэлгээр суралцах эрхийн батламжийг ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, БСШУЯ-ны МБГ-ын дарга М.Баасанжав, ГТГ-ын дарга Д.Амарсайхан нар дээрх оюутнуудад гардууллаа. Уралдаант нэвтрүүлэгт амжилттай оролцсон 4 оюутанд 2011-2012 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр олгох шийдвэр гаргаснаа ГТГ-ын дарга Д.Амарсайхан мэдэгдэж, нийт оролцсон оюутнуудад хамт олныхоо нэрийн өмнөөс сурлагын өндөр амжилт, сайн сайхныг хүсэн ерөөж, дурсгалын зүйл гардууллаа.

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top