Өнгөрсөн долдугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Асайт худалдааны төвд өөр дээрээ хоёр литр бензин асган шатаасан 26 настай Н хэмээх залуу 90 хувийн түлэгдэлтэйгээр Түлэнхийн төвийн сэхээн амьдруулах тасагт хүргэгдэн эмчлүүлж байгаад энэ сарын 2-нд нас барсан байна. Тэрээр эсрэг лангуу дээр суудаг эмэгтэйтэйгээ муудалцсаны улмаас тэр намайг хараасан гэж өмнө нь мэдүүлж байсан юм. Харин энэ хэрэгт буруутгагдаад байгаа ногооны лангуу түрээслэн ажиллуулдаг н.Баяраа гэгч эмэгтэй: “Энэ хэрэг гарах болсон нь надаас болсон гэдгийг сонсоод ихэд шоконд орсон. Миний гэр бүл, найз нөхөд 70 гарсан ээжид маань их хүндээр туссан. Хүмүүсийн яриад байгаа шиг тийм асуудал болоогүй. Хэрэг гарахаас гурван сарын өмнө бид хоёр муудалцсан. Тэрнээс хойш би тэр хүнтэй үг солиогүй. Хэрэг гардаг тэр өдөр муудалцах нь байтугай мэнд ус ч мэдээгүй. Ер нь хүний амьдралд янз бүрийн олон асуудал бий. Яг үнэндээ тэр хүн гэр орондоо ямар ч асуудалтай байсан юм. Хэн ч мэдэхгүй шүү дээ. Хэн ч гэсэн муудалцаж маргалдаж байдаг. Тэр чинь хүн амиа хорлоод байхаар маргаан болоогүй. Өр зээлээс болсон байж магадгүй. Хэдэн сарын өмнө би “Миний хүүхдүүдээс ялгаа юу байх вэ” хэмээн бодоод найз эмэгтэйтэйгээ танилцуулж 2,9 сая төгрөгийн бараа зээлж өгсөн юм. Үүнээс болж бид хоёр муудалцсан нь үнэн. Тухайн үед би “2,9 сая төгрөгийн бараа найзаасаа зээлж авч өгч наймаа хийлгэж байхад та нар яасан муухай юм. Өрөө өгөөгүй байж дахиад лангуу авна гээд ярьж байдаг. Яасан муухай хүмүүс вэ” гэж хэлсэн. Харин өөдөөс “Яасан сүртэй юм. Сэтгэл муутай, новшийн авгай” гэсэн. Хүмүүс яаж хэрэлддэг вэ тийм л хэрүүл болсон. Түүнээс болоод хүн амиа хорлоод байхаар зүйл огт болоогүй. Тэр хэргээс болоод миний бие байнга өвддөг боллоо. Үнэндээ надад гомдолтой байна. Бусад түрээслэгчдийн ярьж байгаа шиг архи ууж эхнэртэйгээ хэрүүл маргаан хийгээд байдаггүй даруухан нэгэн биш. Согтуу ирчихээд авгайтайгаа муудалцаад л явдаг байсан. Авгай нь хэдэн сарын өмнө хэсэг алга болчихсон. Тэгэхэд нь өрөвдөөд найзтайгаа танилцуулсан гай одоо гарч байх шиг байна. Хүнд тус болох гэсэн биш өөртөө ус болчихоод сууж байна хэмээн ярьсныг "Өглөөний сонинд" нийтэлжээ.
Б.Эрдэнэ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )