Гаалийн Ерөнхий газрын дарга Д.Цэвээнжав намдаа хандив цуглуулсаар “Гаалийн” Баатарынхаа араас орох нь ээ

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 09

 

Гаальчдыг шилдэг авлигачид гэдэг. Тэднээс энэ гайтай нэр ер салах янзгүй байна. Саяхан хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн байгууллагаар Гаалийн Ерөнхий газар тодорлоо. Мөн урьдын адил Ардын намд хандив цуглуулах их аяныг гаальчид манлайлж яваа ажээ. Хэдэн жилийн өмнө Гаалийн Х.Баатар Ардын намд хандив өгөх гээд байгууллагынхаа дэргэд тусгай сан байгуулан, сүүлдээ даварсаар хувьдаа баахан мөнгө завшиж, намынхаа томчуудыг байр орон сууцаар хангаад шоронд орсон юм. Түүний Ардын намд хандивласан мөнгөний тоог мөрдөн байцаагчид бүрэн тогтоож чадаагүй. Дөнгөж 100 сая төгрөг яалт ч үгүй одоогийн Боловсрол соёл шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярын гэрчлэлээр баталгаажсан түүхтэй. Тэгвэл Гаалийнханы Ардын намд хандив цуглуулах нөр их ажил өнөөдөр ч эрч хүчтэй хэвээр байгаа бололтой. Д.Цэвээнжав тэргүүтэй дарга нар энэ ажлыг тун овжноор зохион байгуулж байгаа гэнэ. Гаалийн Ерөнхий газраас зарласан тендерт ганц хоёрхон компанийг ялуулдаг. Тэдгээр компаниудын захирлууд нь Ардын намын бага хурлын гишүүд байх жишээтэй. Тэд нар нь Ардын намынхаа санхүүг бэхжүүлэх даалгаврыг тендерт шалгарсан ажлынхаа төсвөөс авч биелүүлдэг бололтой. Жишээ нь Замын-Үүд боомтын рентген төхөөрөмжийн цогцолборын авто зам, талбайн ажлын гүйцэтгэгчээр “Баярс констракшн” тодорчээ. Энэбол өнгөрсөн оны 3 дугаар сард болсон үйл явдал. Гэвч шалгарсан гэх энэ компани тэнд юу ч хийгээгүй. Замын-Үүдэд суугаа Засгийн газрын бие төлөөлөгч Ч.Баатар үүнд гомдолтой байна. Тэрээр “Энэ байгууламжийг өнгөрсөн оны 6 дугаар сард ашиглалтанд оруулах ёстой байсан. Тус компани энд ажил хийх нь бүү хэл хаяад алга болсон. Асуудлыг тодруулахаар компаний удирдлагатай ярихад “Чамд хамаагүй гэдэг” гэлээ. “Баярс констракшн” компаний захирал Н.Баянсайхан нь Ардын намын Бага хурлын гишүүн. Тэрээр Гаалийн Ерөнхий газраас, Сангийн яаманд захиалан зарласан тендер болгоныг авдаг. Тэгээд мөнгийг нь зувчуулдаг юм байна. Мөн Төмөрхүү гэгч нөхөр Ардын намын бага хурлын гишүүний хувьд түүний хамтран зүтгэгч ажээ. Төмөрхүү нь “Өндөр буянт” компаний захирал. Тэд хоорондоо мөнгө гүйлгэж тоглоод байна уу, Ардын намынхаа шинэ байрны санхүүжилтийг тэтгээд байгаа юм уу гэдгийг шалгаж тогтоох шаардлагатай боллоо. “Баярс констракшн” компани  урьд нь нэлээд хэдэн барилга дээр тендерт шалгарч ажилласан боловч бас л дутуу хийсэн байна. Гаалийг Ерөнхий газрын барилгын 1,8 тэрбум төгрөгийн өртөгтэй ажлыг дутуу хийсэн хэл ам нэлээд удаан үргэлжилжээ. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн нутагт дэвсгэрт 5 дугаар сургуулийн дэргэд 40 айлын орон сууц барьсан ч өмнөх алдаагаа давтсан гэдэг. Уг барилын зураг төслийг өөрчилсөн гэдгээр буруутгагдаж байв. Одоо Замын-үүд дээр бөөн будлиан тариад түүнийг Д.Цэвээнжав мэт нь хаацайлж суугааг ойлгоход төвөгтэй, гэхдээ бас мэдэж цөхөх зүйлгүй болов уу. Д.Цэвээнжавтай энэ нь ямар нэг байдлаар холбогдож л таарна. Бүтэн жил ажил хийгээгүй компаний захиралтай нэг удаа ч болов уулзсан байх. Гэсэн ч атганд багтан амаа хамхиад үлджээ. Тэд адилхан нэг намын кадрууд. Тиймээс хэн хэндээ найр тавьснаас өөр яав гэж. Хүмүүс, тэр дундаа учир мэдэх хүмүүс нь ингэж ойлгож, ярьж байна. Д.Цэвээнжав дарга энэ янзаараа яваад байвал удахгүй Гаалийн Х.Баатар шигээ “аавынд” зочлох байлгүй дээ.  

Б.Отгонбаяр

Zundaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн шилдэг портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top