Солонгос улсын Кёнгидү, Куангжү дүүрэгт өнгөрсөн сарын 27-нд үерийн аюул болсон. Уг үерийн улмаас манай улсын хоёр иргэн амиа алдсан билээ. Тэгвэл амиа алдсан хоёр монгол бүсгүйн ар гэрийнхэн Солонгос улсын төрийн тусгай хангамжинд орохоор өргөдлөө өгөх болсон тухай Кёнгиду, Куангжү хотын захиргаанаас мэдээлсэн байна. Солонгос улсад ямар нэгэн дайн байлдаан, байгалийн аюул, гал түймэр болон барилгын нуралт зэрэг ослын үеэр бусдад тусалж байгаад гэмтэж бэртсэн болон амь насаа алдсан тохиолдолд тухайн хүний ар гэрийнхэн болон гэр бүл Эмэгтэйчүүдийн яамны харьяа төрийн тусгай хангамжинд багтах иргэдийн асуудлыг шийдэх хороонд төрийн тусгай хангамжинд багтах өргөдлөө өгдөг аж. Тэд төрийн тусгай хангамжинд багтаж чадвал нэг удаагийн нөхөн төлбөр 285 сая вон болон оршуулгын бүх зардлаа Солонгос улсаар төлүүлэх юм байна. Түүнчлэн тэдний үр хүүхдийн их, дээд сургуулийн төлбөрийг тус улс дааж, насанд хүрсэн ар гэрийн гишүүдэд улсаас ажил олгож өгөх давуу эрхийг олгодог байна. Мөн нас барсан тохиолдолд төрийн тусгай оршуулгын газар оршуулагдах зэрэг хөнгөлөлтийг эдэлдэг ажээ. Тэгвэл өчигдөр Солонгос Улсын Эрүүл мэндийн яам болон Нийгмийн халамжийн яамнаас мэдэгдэл гаргажээ. Яамдын мэдэгдэлд "Монгол Улсын хоёр эмэгтэй шударга үйлсийн төлөө амь эрсэдсэн гэдэг нь батлагдвал Шударга үйлсийн төлөө амиа өгснийг илэрхийлэх бичиг болон нас барагсдын ар гэрт олгодог мөнгөн төлөөс, тэтгэмжийг авч болно" гэжээ.
Эх сурвалж: Монголын мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )