Нийслэл хотын замын түгжрэл угаас амьдралдаа бухимдаж байгаа Монголчуудын уурлаж уцаарлах гол шалтаг гэдэгтэй маргаад байх хүн үгүй биз. За уурлаж уцаарлах ч яахав гэхэд үнэндээ хүний амьтай холбогдох болоод байна. Насаараа түргэний тэрэг барьсан нэгэн жолооч 103-т хүн төрдөг байсан бол үхэх нь ихсэж байна хэмээн халаглан шогшрон ярьж байх юм. Хаа очиж дээхнэ үеэ бодвол хотын түргэн тусламжийнхан ойр ойрхон тусламжийн шугамаар авто баазаа өргөтгөн овоо хэдэн тэрэгтэй болсон нь олзуурхууштай ч “маяк”-аа гэрэлтүүлэн дохио өгөн давхин түргэний тэргэнд зам тавьж өгөх жолооч тун ховорхон болчихоод байгаа аж. Дээхнэ үед тулгар биетэй эмэгтэй төрөх эмнэлэгт хүрч чадалгүй замдаа төрчих явдал мэр сэр тохиолддог байсан бол сүүлийн үед замын саатлаас болоод түргэний машинд төрөх нь бүр элбэгшээд байгаа гэнэ. За төрөхийн хувьд дүүрч гэхэд осол аваарын дуудлагаар очоод хүнд гэмтсэн хүнийг яаралтай Гэмтлийн эмнэлэгт аваачихаар давхих үед жолооч нар зам тавьж өгөхгүй байх нь энүүхэнд болчихоод байгаа нь өөрөө Монголын эмгэнэл биш гэж үү. Замын бөглөрөлөөс болж өвчтөн эмнэлэгт хүрч чадалгүй замдаа эндэх нь урьдынхтай харьцуулахад ихэд ихэсчээ. Нийслэлийн замын түгжрэл, жолооч нарын амин хувиа бодсон байдлаас болж түргэний машин дотор эрдэнэт хүний амь үрэгдэх боллоо. Жолооч нар аа. “AMBULANCE” гэсэн бичиг бүхий түргэн тусламжийн тэрэгнүүдэд зам тавьж өгье. Чухам тэр л машин дотор эрдэнэт хүний амь нас дээсэн дөрөөн дээрээ явж байгаа гэдгийг байнга санаж байгаач ээ.
Б.Эрдэнэ
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн шилдэг портал
Сэтгэгдэл ( 0 )