Сансарын шатахуун түгээх станцын уулзвараас Дамбаржаа хүртэлх 6.7 км авто замын засвар шинэчлэлийн ажлын явцтай Улаанбаатар хотын орлогч дарга Б.Мөнхбаатар өнөөдөр танилцлаа. Ирэх сарын нэгэнд нийт зорчих хэсгийг ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж буй тус зам засварынхан Сансарын шатахуун түгээх станцын уулзвараас хоёр километр хүртэлх замыг хааж, засварлах ажлыг эхлүүлээд байна. Уг хоёр километр замын ажлыг энэ сарын 17-ныг хүртэлх хугацаанд замын хучилт, ус зайлуулах байгууламжийг хийж дуусгана гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа талаар нийслэлийн Засвар арчлалтын хэлтсийн дарга Б.Төрбилэг энэ үеэр тайлбарлаж байв. Замын засвар шинэчлэлийн ажлын гүйцэтгэгчээр “НКВ интернэшнл холдинг” ХХК ажиллаж байгаа ба 40 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Өнөөдрийн байдлаар замын хашлага бетон цутгах, суурь хучилтын ажил хийгдэж байгаа бөгөөд нөгөөдрөөс хучилтын ажлыг эхлүүлэх гэнэ. Хамгийн гол нь тус замыг шинэчлэх ажилд технологийн шинээр нэвтрүүлж байгаа бөгөөд цутгаж буй хашлагыг хатахаас нь өмнө иргэд гишгэж цөмлөх, чийгшлийг нь хадгалах үүднээс бүрсэн гялгар цаасыг хуулах гэх мэтээр чанар, стандартад нөлөөлөх сөрөг үр дагавар учруулж байгаа талаар тус компанийн удирдлагууд энэ үеэр хэлж байв.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )