Орост нефтийн үнэ нэмэгдсэн гэх шалтаг тоочсон манай импортлогч компаниуд хэд хоногийн өмнө бензин, дизель түлшнийхээ үнийг нэмж, инфляцийг огцом хөөргөдөж орхисон. Дэлгүүр, хүнсний захуудад өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ шатахуунаа дагаад өслөө. Үнийн энэ өсөлтөнд ядуу тарчиг амьдралтай монголчууд арай чамай л тэсч байна. Орост нефтийн үнэ нэмэгдсэн нь үнэн боловч манай импортлогчид ийнхүү иргэдээ хямруулан байж шатахууныхаа үнийг 90 төгрөгөөр нэмэх ямар ч шаардлагагүй байсан гэж хяналтын албаныхан мэдэгдэж байлаа. Тэгвэл өнөөдрөөс бензиний үнийг 30 төгрөгөөр бууруулж байна. Өнөөх 90 төгрөгөөр нэмсэн шатахуунаа 30 төгрөгөөр үнэ буулгаж, 60 төгрөгийн хожуутой үлдлээ, импортлогчид маань. Газрын тосны түшмэд “Үнэ нэмэхдээ 30 төгрөгөөр л нэмэх байсан юм” гэж байгаа. Гэтэл “Петровис” тэргүүтэй импортлогч компаниуд дураараа огцом үнийг нэмж, дараа нь буулгахдаа тийнхүү литр тутмаас 60 төгрөгийн нэмүү ашигтай үлдэхээ дэндүү сайн тооцоолж байсан бололтой. Харин дизель түлшийг 100-150 төгрөгөөр буулгажээ. Намрын ургац хураалтанд нөлөөхүйц болсон үнийн өсөлтийг энэ нь бага боловч хөнгөлөх байх. Гэхдээ дээрх бензиний 60 төгрөгийн ашиг хөөцөлдсөн импортлогчдыг ажиглагчид нь ард түмнээ дэндүү тохуурхсан явдал хэмээн үзэж байна.
Х.Тулга
Zundaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )