УИХ-ын олон нийттэй харилцах хэлтсээс гаргадаг Төрийн мэдээлэл эмхтгэлийн шинэ дугаар гарчээ. Эмхтгэлийн шинэ дугаарт Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хууль болоод дагалдан гарсан бусад хуулиудыг нийтэлжээ. Энэхүү хуулиар Монгол Улсын дээд боловсролыг санхүүжүүлэх, суралцагчдын нийгмийн баталгааг хангахтай холбогдсон харилцааг зохицуулах юм. Дээд боловсролыг санхүүжүүлэх, суралцагчид санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд баримтлах зарчим, дээд боловсролын санхүүжилтийн талаарх нарийн мэдээллийг "Төрийн мэдээлэл"-ээс авах боломжтой. Улсын төсвөөс санхүүжилт авах дээд боловсролын сургалтын байгууллагад улсын төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах бүтэц, хариуцлагын тогтолцоо бүрдүүлсэн, үйл ажиллагааныхаа чанарын төвшинд хөндлөнгийн үнэлгээ хийлгэж баталгаажуулсан байх, төгсөгчдийнх нь ажил эрхлэлт нэмэгдсэн байх, суралцагчдын сурлагын үнэлгээний бодитой байдал, шийдвэр гаргах үйл явцын ил тод байдлыг хангасан байх зэрэг нийт 10-аад шаардлагыг тавьж байгаа аж. Түүнчлэн төрөөс санхүүгийн дэмжлэг авах суралцагчид тавих нийтлэг шаардлага, дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид үзүүлэх санхүүгийн дэмжлэгийн хэлбэр, суралцагчид санхүүгийн дэмжлэг үзүүлэх ажлын зохион байгуулалтын талаар эмхтгэлээс танилцаж болох юм байна. НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг 2011-2014 онд хэрэгжүүлэх арга хэмжээний ерөнхий төлөвлөгөө батлах тухай Засгийн газрын тогтоолыг мөн нийтэлжээ.
Эх сурвалж: Нийслэл таймс сонин
Сэтгэгдэл ( 0 )