Хятадын их удирдагч Мао 72 насандаа Хөх мөрний усанд сэлж дэлхий дахинаа амьд байгаагаа мэдэгдсэн гэдэг. Манай гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг Алтай таван богд уулын Хүйтний оргил өөд мацаж гарсных нь дараахан Баабар “Спортын мастер Мао” хэмээх өгүүллээ нийтэлж байлаа. Ухаандаа тэр Мао Зэ Дүнийг Н.Энхбаяртай зүйрлэн ёжлохдоо өнөөгийн монголын оюуны болоод ниймийн ядуурал, улс төрчдийн ёс зүйн доройтолд давхар анализ хийсэн хэрэг л дээ. Аливаа буурай, хөгжиж буй орны удирдагчид ууланд авирч, усанд сэлж зугаацах нь иргэдээ басамжилсан өөдгүй явдал гэсэн санааг бас хэлсэн болов уу. Н.Энхбаяр ч яахав тэртэй тэргүй алиагаа алдсан увайгүй амьтан болохоо олон зүйлээр нотолчихсон. Ард түмэн нь өлмөн зөлмөн яая даа гэж байхад тэр уулын оройд гарах нь юу ч биш байсан биз. Харин саяхан УИХ-ын дарга Д.Дэмбэрэл төрөлх нутаг Ховд аймагтаа очсон үеэр нь түүний нутгийн дүү хүү, Ерөнхий Ц.Элбэгдорж нь зарлигаа гаргаж мань хүнд “Хөдөлмөрийн баатар” цол тэмдэг олгожээ. Үүнийг нь Д.Дэмбэрэл дарга их л баяртай хүлээн авсан гэнэ. Гэхдээ алс хол Ховдод тухалж байсан болохоор ийм өндөр дээд шагналыг хотод ирээд ёс төртэй гардахаар болжээ. Тэгээд Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягтай дөрөө харшуулан Хяргас нуурын эрэгт тухалж, нуурын усанд сэлж, яг л Мао шиг “Амьд байна шүү, хүн ардуудаа” гэх шиг хөөрцөглөсөн байна. Тэр яг 72 насныхаа босгон дээр ийнхүү нуурын усанд сэлж, шумбасан нь юутай гайхамшиг вэ хэмээн хөдөөгийн зарим бишрэгчид нь уулга алдсаныг яана. Д.Дэмбэрэл дарга хамгийн олон жил парламентад сууж буй улс төрч гэдгээрээ алдартай л даа. Түүний ажилласан он жилүүдэд харамсалтай нь УИХ-аас 90 гаруй гологдол хууль гарчихсан гэж байгаа. Тэдгээр гологдолыг нь засч сайжруулах гээд хэсэг хүмүүс одоо тархиа гашилгаж байгаа гэсэн. Намрын чуулганаас эхлээд засч сайжруулсан тэдгээр хуулийн төслүүдээ Д.Дэмбэрэл даргад атгуулах сурагтай. Мао Зэ Дүн шиг “амьд” байгаа хойно Д.Дэмбэрэл дарга ангийн нөхдийн хамт хийсэн өнөөх гологдлуудаа амьд хууль болгосон гээд л сайрхаж гарах байх. Дээрээс нь Хөдөлмөрийн баатарынхаа алтан таван хошууны хажууд спортын мастерийн тэмдэгээ ч зүүх биз ээ.
Б.Отгонбаяр
Zundaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн шилдэг портал
Сэтгэгдэл ( 0 )