Энэ дэлхийн 200 гаруй улс орноос харьцангуй амар жимэр ардчилсан орны тоонд Монгол Улс ордог. Гэтэл нийгмийн статистик мэдээ харьцангуй түгшүүртэй гараад байх юм. Статистикийн газраас өчигдөр танилцуулсан долдугаар сарын мэдээг харахад улсын хэмжээнд шинэ оноос хойш 11377 гэмт хэрэг гарчээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 132 хэргээр буюу 1.2 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гэв. Хамгийн түгшүүртэй нь гэмт хэргийн улмаас оны эхний долоон сард 4552 хүн гэмтэж, 714 хүн нас барсан байх юм. Дээрх статистикаас харахад сард 100, хоногт дунджаар 3 хүн харамсалтайгаар амь насаа алддаг гэсэн үг. Энх цагт ийм тоо гарсан нь хэтэрхий олон байгаа юм. Сүүлийн үед эрүүгийн нөхцөл байдал хүндэрч онц хүнд гэмт хэрэг олноор гарах болсныг нийтийг хамарсан стресс, ядууралтай холбон тайлбарладаг. Хэдийгээр дээрх хүчин зүйл нөлөөлж буй нь үнэн боловч гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхэд онцгой анхаарах цаг болсныг сануулж байна. Дайны хажуугаар дажин гэгчээр он гарсаар аюулт үзэгдэл, осол оны эхний долоон сарын байдлаар 2100 удаа гарч 146 хүн амь насаа алдаж, 2.9 тэрбум төгрөгийн хохирол учирсан тухай мэдээ гарсан байна.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )