“Гал үндэстэн” холбооныхон “Ганц худаг”-аас гараад дараагийн тэмцэлдээ бэлтгэж байгаа гэнэ. Тус хөдөлгөөний удирдах зөвлөлийн гишүүн Ц.Мөнхбаяр 10 жилийн өмнө анх “Онги гол” хөдөлгөөнийг санаачлан байгуулж байсан юм. Онги гол алт олборлогчдын гараар сүйтгэгдэж, урсац нь тасарч байхыг хараад сэтгэл зовнисон нутгийн хэсэг залуус нэгдэн төр засаг, орон нутгийн захиргаадад удаа дараа мэдэгдэл хүргүүлж, тэмцсээр амжилт олжээ. Тэд Онги голын дагуу 12 төрлийн 14 мянган мод тарьсан нь одоо үр өгөөжөө өгч байгаа гэнэ. Тарьсан нийт модных нь суулгац 40 гаруй км үргэлжилж байна. Үүний ачаар голын урсгал сайжирч, жил бүрийн зун тасраад байхаа больжээ. Ц.Мөнхбаяр Онги гол сүйрлийн ирмэгт тулж ирсэн тухай сэдвээр ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулан гарын авлага, байгаль экологийн ном бүтээж, хичээлийн хөтөлбөрт нь оруулах ажлыг зохион байгуулсан нь үр ашигтай болж буй аж. Мөн хэрүүлийн алим болсоор байгаа “урт” нэртэй хуулийг боловсруулж батлуулах ажлыг хийжээ. Энэ мэтээр тэдэнд хийсэн бүтээл багагүй байна. Удахгүй энэ сарын 12-13 өдрүүдэд Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутаг, Цогт уулын бэл буюу Онги голын хөвөөнд 10 дахь жилийнхээ хуралдайг зохион байгуулах юм байна.
Б.Отгонбаяр
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )