“Анод”-ын Н.Даваагийн биеийн байдал өдөр өдрөөр муудаж байгаа ажээ. Тэр одоо шинээр баригдсан цагдан хорих байранд хоригдож байна. Түүнийг батлан даалтанд гаргах хүсэлтийг өмгөөлөгч болон ар гэрийнхэн нь Ерөнхийлөгч, Ерөнхий прокурор, Улсын мөрдөн байцаах газар, Баянзүрх дүүргийн шүүх зэрэгт өгөөд хоёр хонож буй боловч тоймтой хариу аваагүй байна. Өчигдөр түүнтэй цэргийн байгууллагад хамт ажиллаж байсан анд найзууд, “Гал үндэстэн” холбооныхон эргэж очиж уулзсан гэнэ. Н.Даваагаас гадна тэнд Гүр-Аранз, Энхтөр нар хоригдож байгаа. Тэд тус тусдаа өрөөнд хоригдож байгаа бөгөөд бараа бараагаа олж харалцдаггүй бололтой. Цэрэгт хамт алба хааж байсан нөхдийнх нь очиж уулзахад Н.Даваагийн царай цонхийж, эцэж турсан, уруул нь хөхөрсөн, амьсгаа ихтэй, үгээ тасалдуулж, удаан ярьж чадахааргүй, харваас биеийн байдал нь илт муу байжээ. Дүү Отгоо нь ар гэрийнхээ талаар ярихад Н.Даваа ээжийгээ байн байн асууж байсан байна. Мөн эргэлтээр очсон найзууддаа хандан “Би нэг ч удаа хууль бус юм хийж байгаагүй. Та нар минь ямар нэг болж бүтэхгүй асуудалд өртөх вий. Бид их хэцүү цаг үед амьдарч байгаа юм байна. Би ч яахав. Эндээс эсэн мэнд гарвал биеэ л сайн эмчлүүлнэ дээ” гэжээ. Түүний ээж нь одоо 85 настай, Яармагт ач гуч нарынхаа хамт амьдарч байна. Н.Даваагийн талаар хүүхдүүд нь “Гадаад оронд ажлаар явж байгаа” гэж хэлдэг. Харин ээж нь “Хүмүүсийн хэлж ярих нь хааяа зөрөөд байх юм. Ингэхэд муу хүү минь арай хар гэрт орчихоогүй байгаа даа. Гэхдээ муу юм хийх хүн ч биш дээ” гээд санааширч суудаг ажээ. Мөн саяхан Н.Даваа зээ охинтой болсон бөгөөд тэр нь одоо нэг сар ч хүрээгүй, эхнэр хүүхдүүдийнх нь асрамжинд торниж байна. Н.Даваа зээ охиноо ч бас дүүгээсээ асуугаад амжжээ. Тэдний 10-хан минутын уулзалт ийнхүү өндөрлөсөн байна. Түүнийг долоо хоног бүр найзууд нь эргэж тойрч, биеийнх нь байдлыг байнга асууж, чих тавин суугаа ажээ. Иргэний хөдөлгөөний удирдагч О.Магнай ар гэрийнхэнд нь санаа тавьдаг, маргааш тэр дахиад Н.Даваа дээр очно гэнэ. Мөн нэг найз нь “Даваагийн маань бие их л тааруу байна. Тэр цэргийн хүн байсан тулдаа л тэсч байх шиг байна“ гэсэн юм. Хорихын эмч нар ч түүний бие улам муудаж байгааг холбогдох газруудад нь анхааруулсан байна. Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгч харин өнөөдөр ар гэрийхнийх нь өргөдлийг аваад өгсөн хариундаа “Бидний мэдэж асуудал биш. Нийслэлийн шүүх рүү өргөдлийг чинь шилжүүллээ” гэжээ. Тийнхүү шүүхийнхэн бие бие рүүгээ цаас чулуудалцсаар, Н.Даваагийн бие ч муудсаар байх бололтой.
Б.Отгонбаяр
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн шилдэг портал
Сэтгэгдэл ( 0 )