Зулай, зулайгаа гишгэн төрсөн гэдэг шиг ар, араасаа Авлигатай тэмцэх газрын хаалгыг татсан албан тушаалын гэмт хэрэгтнүүд төрсөөр байна. Сүүлийн үеийн судалгааны дүнгээс харахад УИХ-ын гишүүд авлигад хамгийн их өртөх магадлалтай хүмүүсээр тодорчээ.
Магадлалыг бататгах маш олон гишүүд бий ч олонд танигдаад буй нь Д.Дондог тэргүүтэй, Х.Наранхүү удаатай төрийн түшээд билээ. Мөн Монголбанкны ерөнхийлегч Л.Пүрэвдорж, төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар нар ч албан тушаалын хэргээр авлигатай тэмцэх газарт очжээ.
Д.СУГАР ТӨРИИН ӨМЧИЙГ ХАМГААЛАХ БИШ ХАЛААСАЛСАН УУ
Төрийн өмчийг хамгаалж байх үүрэгтэй Д.Сугар өөрөө төрийн өмчид гар дүрсэн хэрэгт татагдлаа. Тэрээр өөрөө ч “Тийм ээ, би авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа” хэмээн хэвлэлд хээв нэг ярилцлага өгчээ. Д.Сугарын хувьд төрийн их хэмжээний мөнгө гадаадын компанид завших боломж олгосон буюу албаны эрх мэдлээ урвуулсан үйлдлээр АТГ-т шалгуулж байгаа аж. Тодруулбал, Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрээс Эрдэнэт үйлдвэрт шууд нийлүүлэгдэх ганбөмбөлгийн бэлдцийг гадаадын компаниар зуучлуулан нийлүүлж, тус компанид их хэмжээний мөнгө завших боломж олгосон хэргээр байцаагдаж буй гэнэ. ТӨХ-ны дарга, төрийн өмчит дээрх хоёр үйлдвэрийн хоёулангийнх нь ТУЗ-ийн даргын хувьд Д.Сугар ганбөмбөлөгийн бэлдэц нэг үйлдвэрээс нөгөө үйлдвэрт шууд нийлүүлэгдэхийг мэдэхийн дээдээр мэдэж байх учиртай. Тэгсэн хэрнээ дунд нь гадаадын зуучлагч компани оруулж ирсэн байна.
Д.Сугар даргын энэхүү шударга бус үйлдэлд ТӨХ болон үйлдвэрийн ажилтнууд ихээхэн дургуйцэж байгаа аж. Тэдний дунд Д.Сугарыг албаны эрх мэдлээ урвуулан ашигладаг байдал ил далд явагддаг гэх явган яриа их гарах болсон байна. Тиймээс ч шударга бус үйлдэлтэй эвлэрэхгүй гэдгээ эх сурвалжууд хэлж байгаа юм.
АРВАНТЭРБУМЫН ХЭРЭГ
УИХ-ын гишүүн Х.Наранхүүг арван тэрбумын хэргээр АТГ-т шалгаж байна. Түүнд “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байх 2000-2007 оны үед их хэмжээний мөнгө хувьдаа завшсан гэх үндэслэлээр мөрдөн байцаалт явуулж эхэлсэн байна. Түүний энэ хэрэгт Монгол банкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж холбогдоод байгаа юм. Л.Пүрэвдоржийн хувьд ТӨХ-ны дарга байхдаа Х.Наранхүүтэй хамтран арван тэрбумын хэргийг үйлдсэн байж болзошгүй хэмээн хардаж байгаа аж. АТГ-ынхан тэднийг албан тушаалаа урвуулан ашигласан, эрх мэдлээ хэтрүүлсэн гэдгийг хэлж байна.
Д.ДОНДОГ ГИШҮҮНИЙ ХУУЛЬ БУС ГАЗРЫН НАЙМАА
Газрын хууль бус наймаа эрхэлж, олсон мөнгөө намынхаа сонгуулийн сурталчилгаанд ашигласан хэргээр УИХ-ын гишүүн Д.Дондог АТГ-т шалгагдаад удаж байна. Энэ хугацаанд түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий Прокуророос гурван ч удаа оруулж ирээд байгаа юм. Д.Дондог гишүүний хувьд хууль бус газрын наймаагаар олсон 2,6 сая ам.доллараа намын нөхөддөө өгсөн талаархи мэдээллүүд хэвлэлээр гараад буй. Мөн өнгөрсөн сонгуулийн санхүүжилтээ ч дээрх аргаар олсон гэж хардагдаж байгаа юм. Түүний энэ хэрэгт “Сум бар” компаний захирал А.Батбилэг гэгч оролцжээ. Д.Дондог гишүүн тухайн үед түншүүддээ “Манай нам ялж, УИХ-д олонхи болсон нөхцөлд танай газрын асуудал, цаашдын ажилд чинь бидний зүгээс тусалж дэмжинэ” хэмээж байжээ. Түүний адил МАН-ын өөр хоёр ч гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай яриа ч прокуророос сонсогдож байв.
“Авлигын тухай ярихаар дарга уурладаг болсон гэнэ. Энэ үгийг тод дуугаар хэлмэгц л царай нь бараагаад бүр муужирч унах шахдаг хүн цөөнгүй ажээ. Ялангуяа уншигч та хэн нэгэн улс төрчтэй яриад үзээрэй. Аягүй бол бухимдахдаа алгадаад авч мэднэ шүү” хэмээн нэгэн хэвлэлд бичжээ. үнэхээр үнэнийг олоод өгүүлчихсэн байгаа биз. Авлига гэдэг өөрөө албан тушаал, эрх мэдлийг дагадаг хойно УИХ-ын гишүүд ийм хэрэгт холбогдох нь арга ч үгүй юм. Гэвч Авлигатай тэмцэх газар хэмээх бие даасан байгууллагыг байгуулан ажилласнаас хойш улс төрчдөөс авлигын хэргээр шийтгэгдсэн удаа бараг байхгүй. Ар, араасаа л факт дагуулан авлигын хэргээр шалгагдах болсон гишүүдийн хувьд ч энэ байгууллагаасаа айхаа байчихаж. Бүр зарим нь бахдалтай нь аргагүй “Намайг АТГ шалгаж байгаа нь үнэн” хэмээж байгаа бол зарим нь “Намайг АТГ-т шалгаж байгаа талаар албан ёсны мэдэгдэл ирээгүй байна” гэх зэргийн юм ярьсан шиг сууцгааж байх. Тэдний хууль бус үйлдлийн талаар нотлогдож, батлагдсан факт байгаад ч хэрэг алга. Уг нь АТГ үүргийнхээ дагуу үнэнч шударга ажилладагсан бол өнөөдөр хэрэгт холбогдсон эрхмүүдийн зүрх нь зогсох гээд байж байх байлаа. Дээр дурьдсан хэргийн эздийн хууль бус үйлдэл ч гэсэн ингэсхээд л замхрах болов уу. Тэд өдийд хариуцлага хүлээхгүй байх арга замаа аль хэдийн зурчихсан, инээгээд сууж мэдэх л юм.
Эх сурвалж:”Нийслэл таймс”
Сэтгэгдэл ( 0 )