“Зоос” банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ш.Чуданжий, Д.Батбаяр, Төрийн сангийн газрын дарга Х.Пүрэвсүрэн нарт холбогдох хэргийг прокурор руу хянуулахаар шилжүүлсэн ч мөрдөн байцаалтад буцаасан тухай мэдээлэл гарсан.
Тэгвэл өчигдөр Ш.Чуданжий Нийслэлийн прокурорын газарт ирж, тус газрын хяналтын прокурор Ц.Насанбаттай уулзлаа. Тэрбээр 12.00 цагийн үед Нийслэлийн прокурорын газарт ирсэн боловч түүнтэй уулзах прокурор түр гадагшаа гарсан байсан. Тиймээс тэр Нийслэлийн прокурорын ойролцоо машинаа орхиод, Улсын их дэлгүүрийн зүүн талын “Гандирс” цамхгийн ард талд байрлах “ОNЕ SHOP”-д орж амжсан юм.
Тухайн дэлгүүрт тэр бүр хүмүүс орж үйлчлүүлээд байдаггүй бололтой юм билээ. Учир нь түүнийг дэлгүүрт ороход худалдагч нь ихэд гайхсан байдалтай, ямар хэргээр явж байгааг асууж байлаа. Ш.Чуданжий, дэлгүүрийн худалдагч хоёр эртний танилууд аж. Ш.Чуданжий дэлгүүрт байгаа эмэгтэй хувцсыг сонирхонгоо худалдагчид хандан “Өчигдөр ирсэн чинь нөгөө прокурор нь байхгүй байсан. Өнөөдөр бас л алга байна. Гэхдээ түр гадагшаа гарсан юм шиг байна. Эргээд ирнэ гэсэн” гэхэд худалдагч “Ямар хэцүү юм бэ дээ” гэх мэтээр ярьж байгаа нь дуулдсан.
Тэнд 10 орчим минут болж байтал түүний утас руу хэн нэгэн залгаж ярихад тэрбээр яаравчлан дэлгүүрээс гарч гүйх шахам явсаар Нийслэлийн прокурор руу ороод явчихав. Тэнд 10 гаруй минут болоод гарч ирсэн юм. Гэхдээ түүний ажил тийм ч бүтэмжтэй биш байгааг нь түүний эргэлзсэн, ямар нэгэн юманд санаа зовсон төрхөөс харж болох аж. Тэрбээр 12.40 минутийн үед нийслэлийн прокурорын үүднээс “BMW X5” машинаа хөлөглөн одсон юм.
Түүнийг ийн хөдлөхөөс өмнө уулзах гэсэн боловч машиныхаа цонхыг хаагаад яваад өгсөн. Тэрбээр банкны хууль тогтоомж зөрчин 70 тэр бум төгрөгийн найдваргүй зээл олгож, “Зоос” банкийг дампууруулсан гэх хэрэгт холбогдоод байгаа. Мөн энэ хэрэгт Ш.Чуданжийгээс гадна Зоос банкны ТУЗ-ийн гишүүн байсан Ш.Алтанцаг, Гадаад дахь төлбөр, тооцоо хариуцсан санхүүгийн албаны дарга Н.Сэлэнгэ нар сэжигтнээр та тагдсан.
Тэдэнд Эрүүгийн хуулийн 150.3, 156.3-т заасан үндэслэлээр эрүү үүсгэн шалгаж эхлээд хоёр жил болж байгаа билээ. Өнгөрсөн оны 10 дугаар сард Ш.Чуданжийг оргон зайлж болзошгүй гэж үзээд Ганц худагт Цагдан хорьсон боловч 14 хоногийн дараа батлан даалтад гаргасан. Дашрамд дуулгахад, Ш.Чуданжий хувийн бизнес эрхэлж байгаа бөгөөд “ACE энд Т Капитал” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байгаа гэнэ.
Эх сурвалж:Монголын мэдээ
Сэтгэгдэл ( 0 )