“Эрэл”-ийн Б.Эрдэнэбат сүүлийн гурван жил гаруй чив чимээгүй байснаа саяхнаас дуугарч, амьд сэрүүн яваагаа олон нийтэд хүргэхээр шийдсэн бололтой. 2012 оны сонгуульд хүч үзэх юм гэнэ ээ. Тэр энэ тухайгаа нуусангүй. Гэхдээ түүнийг иргэд маань хэрхэн хүлээж авах нь одоогоор тодорхой бус. Мань хүн Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт олон жил алт олборлосон. Харин тэнд байгалийн нөхөн сэргээлтийг бараг хийгээгүй. Нутгийн иргэд үгээ барж байгаа. Ухсан нүхэнд нь мал, хүн унаж бэртэх, үхэж үрэгдэх дээрээ тулсан. Мөн Эгийн голын усан цахилгаан станцыг барьж байгуулах нэрийн дор мөнгө тонших гэж байгаад баригдаж хөгөө дэлгэсэн намтар түүх нь ч хуучраагүй байна. Нөгөөтэйгүүр Монголын өнөөгийн болоод ирээдийн улс төрийг арай өөрөөр төсөөлөхөөс аргагүй болоод байгаа. Нэг үгээр хэлбэл хуучин социализмын үеийн Б.Эрдэнбатынх шиг ойлгох боломжгүй болсон. Шинэ улс төрийн систем, бодлого, агуулга яригдаж байна. Адаглаад л улс төрийн намууд нь гишүүнчлэлгүй, мэргэжлийн түвшинд төлөвшсөн, өндөр ёс зүйтэй байхыг нийгэм маань шаардаж байгаа. Гэтэл түүний “Эх орон” нам хатуу гишүүнчлэлтэй хэвээрээ. Тэр бүү хэл “Эрэл” компани болон бусад охин компанидаа ажилчдыг авахдаа “Эх орон” намын гишүүнээр бүртгэдэг “моод” нь аль хэдийнээ хуучирч өгөршсөн зүйл болжээ. Улс төрийг ингэж хийх нь хүний эрхийг бүдүүлгээр зөрчсөн хэрэг гэдгийг хүн бүр ойлгодог болчихож. Харамсалтай нь мань эр намынхаа гишүүдийн эгнээг өргөтгөх гээд нойроо хулжааж байгаа гэнэ. Мөн өнөөдөр хүмүүсийн нэгэнт мартчихсан “Эх орон” намаа өөр томоохон намтай нэгтгэх тухай бас ярьж байгаа ажээ. Энэ бүхнээс нь хавал Б.Эрдэнэбат улс төрийн дэвжээн дээр нэг л барьцаа олж барилдаж чадахгүй явах шиг байна даа.
Б.Отгонбаяр
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )