Аль-кайдагын алан хядагчид биш харин залуучууд нь Англи Улсыг түйвээлээ. Олон улсын террористуудын довтолгоонд өртөж магадгүй гэж байнга л сонор сэрэмжтэй байдаг тус улс, террористууд биш харин залуучууд ингэнэ чинээ яаж таах билээ. 6 мянган цагдаа буюу хамгийн олон цагдааг нэгэн зэрэг ажиллуулаад үймээн самууныг зогсоож дийлээгүй учир орон нутгаас 10 мянган цагдааг нэмж нийслэл Лондон хотдоо ажиллуулсан. Түр саатуулан хорих газруудаа баривчилсан иргэдээрээ дүүргэсэн. Гэвч байдал дээрдсэнгүй. Өнгөрсөн долоон хоногийн бямба гарагаас эхэлсэн үймээн самуун, хэдийгээр Лондон хотод намжсан ч бусад хотууд нь “халдварлав.” Энэ сарын 10-ны шөнө Манчестер, Салфорт, Воулвэрхамптон, Лийстер зэрэг хотуудад залуучууд гал тавьж, дэлгүүр хоршоог тонон дээрэмдэв.
29 настай Марк Дуган галт зэвсэгтэй тэмцэх цагдаагийн ажилтнууд энэ сарын 4 буюу пүрэв гарагт буудаж алснаас болж хоёр өдрийн дараа бямба гарагт Лондонгийн Тотенхам дүүрэгт болсон эсэргүүцсэн цуглааны үед залуучууд цагдаагийнхантай сөргөлдөж үймээн самууны эхлэлийг тавьжээ.
Ливерпуул, Ноттингхам, Бирмингхам, Бристол зэрэг хотуудад үймээн самуун мөн дэгдэж, дэлгүүр хоршоо, зоогийн газар, банк зэрэг олон газрыг залуучууд түйвээж, байшин барилга, автомашинуудыг шатаав. Эдийн засгийн хохиролыг бүрэн нарийвчлан гаргаагүй байгаа ч хохирол маш их нь мэдээж. Хамгийн гол нь ирэх жил Олимпийн наадмыг зохион байгуулах нутагт ийм явдал бий болсон нь дэлхий нийтийн санаа зовоож байна. Гэхдээ Олон улсын Олимпийн хороо Их Британид бүрэн итгэж буйгаа аль хэдийн зарласан билээ.
Англид болж байгаа үймээн самууныг тус улсын эдийн засагтай холбож тайлбарласан хүмүүс байна. Тэдний хэлж байгаагаар бол Английн Засгийн газар нийгмийн халамжинд зарцуулах зарлага багасгах бодлого баримталж байгаа ийм байдал хүргэсэн ажээ. Гэхдээ олон залуучуудын ажилгүй байгаа нь үүний гол шалтгаан гэдэгтэй олон хүн санал нийлж байна. Зарим нь харин нийгмийн ёс суртахуун дорой, гэмт хэрэг их байгаа нь үүнд нөлөөлсөн гэж үзэж байна. Ямартаа ч англичууд залуучуудаасаа ичиж байгаа бололтой.
Хэдийгээр 29 настай Марк Дуганыг галт зэвсэг хууль бусаар эзэмшиж байна хэмээн цагдаагийн ажилтнууд буудсанаас болж үймээн самуун дэгдсэн ч хүчирхийлэл, үймээн самуун дэгдээгч залуучууд нэгдсэн зорилго байхгүй байгаа тул тэдний үйлдлийг бослого, тэмцэл, хувьсгал гэхээс илүү, танхайрал, дээрэм гэж английн болон дэлхийн хэвлэл мэдээллийн агентлагууд нэрлэж байна.
Английн цагдаа хэт хүлцэнгүй байсан гэсэн шүүмжлэлийг бас олон нийтээс хүртэж байна. 180 жил олон нийттэй харилцах харилцаагаа тийм ч амархан сүйтгэхгүй гэж английн цагдаа үзэж буй бололтой. Гэхдээ Засгийн газар, цагдаагийн газар нь үймээн самуунд оролцсон бүх хүнтэй дараа нь хариуцлага тооцно гэж хэлж байгаа. Тэд ССTV буюу хяналтын камерийн бичлэгүүдийг ашиглаж гэмт этгээдүүдийг баривчлах бололтой. Мөн Их Британийн Ерөнхий сайд Давид Камеруны цагдаагийн тоог багасгаж, төсвийн мөнгөө хэмнэх төлөвлөгөөг олон хүн шүүмжилжээ. Лондонгийн мэр Борис Жонсон Засгийн газраа цагдаагийн тоог багасгахаа дахин сайн нягталж үзэх хэрэгтэй гэж хэлжээ. Лондонгийн цагдаа өчигдөрийн байдлаар 888 хүнийг баривчилсан байна.
Үйл явдлыг ажиглаж байхад манай улсад 2008 оны 7 дугаар сарын 1-нд болсон үйл явдалтай ижил төстэй зүйл олон байна. Хэдийгээр манай хоёр улсын нийгэм, соёл ялгаатай ч ихэвчлэн залуучууд Английн үймээн самуун, монголын “хувьсгалыг” хийсэн нь (зарим улс төрчид хувьсгал гэж байгаа) хоёр үйл явдлын үндсэн ижил шинж билээ. Учраа мэдэхгүй шахам арван найм ч хүрээгүй хүүхдүүд нэг нэгнээ уриалж, “Очиж жаахан чулуу шидье” (Монголд), “Очиж жаахан зугаацъя” (Англид) гэж уруу татсан байх юм.
Ер нь бол өндөр хөгжилтэй оронд болсон үймээн самууныг үймээн самуун, хөгжил дорой улс оронд болсон үймээн самууныг бослого, тэмцэл, хувьсгал гэж нэрлэх хандлага бий мэт. Гэхдээ андуурсан ч байж магадгүй. Ямартаа ч Англи, Монголд болсон үйл явдлыг харьцуулахад тийм бодол төрлөө…
Эх сурвалж: “Монцамэ”
Сэтгэгдэл ( 0 )