Оросын рок дуучин, ая зохиогч, хөгжимчин, жүжигчин Виктор Цойг 1980-90-ээд оныхон андахгүй. Ази төрх, өвөрмөц хоолойгоороо тухайн үеийнхнийг байлдан дагуулж байсан Цойг шүтэн бишрэгчид Монголд олон бий. Тэд хайртай дуучныхаа дурсгалыг хүндэтгэн нэгэн өвөрмөц тоглолт зохион байгуулахаар шийджээ. Энэ сарын 15-нд “Сентоза фүүд корт” дахь “АЕR” клубт болох тоглолтонд дуучин Ганг болон Экс-Вит хамтлаг оролцож, Виктор Цой болон түүний домогт “Кино” хамтлагийн дуунуудыг эгшиглүүлэх аж. Сонирхуулахад, Виктор Цой бол Оросын рок хөгжимд үнэтэй хувь нэмэр оруулсан дуучин. Тэрбээр анхныхаа дууг 17 настайдаа зохиож байжээ. Мөн анхныхаа тоглолтыг Ленинград хотноо хийсэн нь тухайн үедээ том шуугиан тарьж байсан билээ. Цой дуучин төдийгүй кино урлагт өөрийн гэсэн мөрөө үлдээж амжсан юм. Оросуудын хийсэн тулаантай киноны гол дүрүүдийг бүтээж байсан тэрбээр тун богино насалсан. 1990 оны наймдугаар сарын 15-нд 28 настайдаа автын осолд орж амь насаа алдсан юм.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )