МАХН-ын хяналт, ёс зүйн хорооноос дотоодын зарим зөрчилдөөнт байдалдаа дүгнэлт хийсэн байна. Тус намын дэд дарга Ц.Шинэбаяр нарийн бичгийн дарга Ю.Атар, С.Молор-Эрдэнэ, Өрнөхбаяр нар албан тушаалаасаа тагалзсан билээ. Дэд дарга Ц.Шинэбаярын асуудлыг намын бага хурал нь шийдэх дүрэмтэй гэнэ. Наадмын өмнөхөн бага хурлаа хийх үеэр нь Ц.Шинэбаяр эмнэлэгт хэвтэж байсан тул хуралдаа очиж чадаагүй ажээ. Ингээд бага хурлын гишүүд түүнийг албан тушаалд нь хэвээр үлдээхээр болсон байна. Харин нарийн бичгийн дарга Ю.Атар нь Боловсролын их сургуульд багшийн ажилтай тул намын ажлаасаа татгалзжээ. С.Молор-Эрдэнэ намын дүрмийн бус үйл ажиллагаа явуулахыг оролдсон тул ажлаас нь чөлөөсөн гэж байна. Өрнөхбаяр нь намын ажилдаа хайнга хандсан, цаашид ажиллах хүсэл эрмэлзлэл муутай байсан гээд тэднийг сонгуульд ажлаас нь чөлөөлсөн гэж тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Удвал мэдэгджээ. МАХН-ынханд тохиолдсон өөр нэг ноцтой явдал бол тус намын төв, орон нутаг дахь үйл ажиллагаанд цагдаа, тагнуулын байгууллагаас хяналт тавьж, зарим тохиолдолд хөндлөнгөөс нь шууд оролцжээ. Энэ талаарх мэдээллийг шаардлагатай нөхцөлд олон нийтэд мэдээлнэ гэж Удвал хэллээ. Энэ үнэн бол байж болшгүй зүйл юм. Тагнуулын байгууллага бол аль нэг улс төрийн намын гар хөл болох ёсгүй. Хэн нэгний захиалгаар тагнан турших, чагнах зэрэг хууль бус үйл ажиллагаа явуулахгүй байх үүрэгтэй. Гагцхүү гэмт бүлэглэл, үндэсний эрх ашигт илт харшлах үйлдлүүд дээр хяналтаа тавьж, төрд үйлчлэх байгууллага юм. Гэтэл МАХН-ынхны үзэж байгаагаар тагнуулын байгууллагынхан Ардын нам болон Ардчилсан намын аль нэгнийх нь захиалгаар тус намын нөхдийг дотроос нь үймүүлэх, бусниулах хэлбэрийн ажлыг санаачилж хийсэн хэмээн ойлгогдохоор болжээ. Хэрвээ үнэхээр тийм бол бас МАХН-ын удирдлагууд тэдний хууль бус ажиллагааг нээлттэй мэдээлэх учиртай болов уу.
Х.Тулга
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )