Шинэ хичээлийн жил эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Энэ үед их, дээд сургуулиудын оюутнууд автобусанд үнэгүй зорчих эрхийн тухай асуудал жил бүр л яригддаг. Харин энэ сарын 20-оос эхлэн Улаанбаатар хотын тээврийн хэрэгслэлээр хөнгөлттэй зорчих 96 мянган оюутны цахим картыг сургууль тус бүр дээр нь олгохоор урьдчилан төлөвлөөд байна. Цаашдаа сургуулиудын бүртгэл эхэлсний дараа нийслэлийн хэмжээнд нийт хэдэн оюутанд ологох тухай нарийн дүн гаргах аж. Мөн цахим болон виза картын сунгалтыг Нийслэлийн нийтийн тээврийн газар Монголын оюутны холбооны үртгэл мэдээлэлд үндэслэн хийх юм байна. Өмнө нь цахим картыг зайлшгүй шаардлагатай, гэр нь сургуулиас алслагдмал их, дээд сургуулиудын гээд нийт 8000 оюутан авч байсан бол энэ жил Оюутны холбоо Нийтийн тээврийн газартай зөвшилцөлд хүрсний үндсэн дээр 96 мянган оюутанд олгохоор болж төсөв нь батлагджээ. Тус холбооноос энэ жил сургуулиуд дээр нь олгох болсон шалтгаанаа “Бид өнгөрсөн жил өөрийн байран дээр цахим картыг олгоход их хүндрэл учирсан. Оюутнууд хичээлдээ бүртгүүлэхийн хажуугаар холбооны үүд сахиж, өдрийн халуунд дараалан аль аль талдаа төвөгтэй байдал үүсгэсэн. Тиймээс энэ жил сургууль тус бүрээр нь цахим картыг олгохоор ажиллаж байна” хэмээн тайлбарласан юм. Тиймээс сургуулиудын бүртгэл эхлэхээс өмнө сургуулиудын Оюутны холбоод Монголын Оюутны холбоон дээр ирж бүх ажил үүргээ хүлээн авах гэнэ. Харин Оюутны холбооноос холбогдох байгууллагуудтай үнэ ханшаа тохироогүй байгаа бөгөөд цахим карт хэвлэн гаргадаг компаниас үнээ нэмэх шаардлага тавьжээ. Өмнөх жил 1500 төгрөгөөр оюутнуудын гар дээр очдог байсан карт хичээлийн шинэ жил эхлэхэд 3500 төгрөг болох магадлалтай байна. Энэ асуудлаар Монголын Оюутны холбоо арга хэмжээ авахаар ажиллах аль болох үнийг өсгөхгүйгээр барих болно гэдгээ мэдэгдлээ. Мөн оюутнууд цахим картаар зорчиж эхэлснээс хойш маргаантай асуудал ихээр гарах болсон. Өмнөх жил хүчингүй картаар зорчиж явсан 333 картыг хураан авч, автобусанд үнэ төлбөргүй явах зорилгоор цахим картыг дуурайлган хуурамчаар үйлдсэн 79 тохиолдол, мөн бусдын картыг ашиглаж өөрийнхө зургийг давхар нааж явсныг мөнгө хураагч нар илрүүлжээ. Оюутнуудаа сургуульдаа холоос явдаг, цалин мөнгөгүй гэдэг утгаараа шат шатны байгууллагууд анхаарч үнэ төлбөргүй явуулж байгаа. Гэхдээ эрхээ эдлэхдээ бас үүргээ ухамсарлаж бичиг баримтын зөрчилгүй зорчих хэрэгтэй хэмээн Монголын Оюутны холбооноос анхааруулж байсан юм.
Эх сурвалж: Нийслэл таймс сонин
Сэтгэгдэл ( 0 )