Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Салхитын нутаг дэвсгэрт энэ сарын 10-11-нд шилжих шөнө дээрх хэрэг гарсан байна. Өчигдөр өглөөний 10 цагийнүед хэргийн газар манай сонины сурвалжлах хэсэг очиход юу ч үгүй шатсан машины сэг үлдсэн байлаа. Энэ үеэр хоёр жижиг тэрэгтэй долоо, найман хүн ирсэн нь хохирогчид байсан юм. Тэдний хэлж буйгаар шатсан машин хоёр хоногийн өмнө алдагдсан гэнэ. Дарь-Эхийн “Ганцын буудал” орчим бензин нь дуусч, саванд бензин аваад ирэхийн хооронд алга болсон хэмээн машины эзэн ярьж байв. Ниссан Пулсар маркийн хар хүрэн өнгийн УБЕ18-68 улсын дугаартай машиныг шатаасан байна. Машиныг хулгайлсан этгээд шатаахдаа замын хажууд байрлуулан тойруулж бензин асгаж байгаад галдсан байна. Хулгайч ул мөрөө баллахын тулд ийм үйлдэл хийсэн байж болзошгүй гэнэ. Цагдаагийнхан хулгайлсан машинаа шатаагаад зугтсан этгээдийг эрэн сурвалжилсаар байна. Сүүлийн үед машинаа хулгайд алдлаа гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ихээр ирэх болсон аж. Иймээс иргэдийг энэ төрлийн гэмт хэргээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Эх сурвалж: Нийслэл таймс сонин
Сэтгэгдэл ( 0 )