“Угжны хүүхдүүд” улс төр рүү тэмүүлж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 13


УИХ-ын сонгууль болоход жил хүрэхгүй хугацаа үлдлээ. Улс төрийн амбиц хөөгчид хөдөлгөөнд орж эхэлж байна. Сонгуулийн тухай хууль яаж батлагдахыг зарим хашрууд нь харзнаж буй бололтой. Харин улс төр сонирхогч залуучуудын түрүүч нь хавар эрт гарсан мөндөл шиг энд тэндгүй гүйлдэж, хэвлэлүүдээр ярилцлага өгч, өөрсдөө ч гүйцэд ойлгоогүй шахуу юмаа их мэдэгчийн дүр эсгэн ярьцгааж, хошгирцгоох ажээ.  Тэд бас хуучин бурхинуудаас дутахгүй мөнгөжиж амжсан гэнэ. Хөдөө орон нутагт очиж хөгшид, хүүхдүүдэд мөнгө тарааж буй сурагтай.

Баянхонгор аймагт гэхэд “Молекул” Б.Батбаярын хүү Батбилэг хааяа очиж аавынхаа хэдэн төгрөгөөр туйлдаг болов. УИХ-ын гишүүн аав нь  “Би хүүтэйгээ нэг тойрогт нэр дэвшинэ” гэж байсан удаатай. Энэ нь эртний угсаа залгамжлах ёсны үлдэц уураг тархинаас нь салаагүй яваагийн шинж болов уу. Хүү Б.Батбилэг нь хэдэн жилийн өмнө аавынхаа ивээл доор гадаадаас үүл буудаж бороо цас оруулдаг төхөөрөмж оруулж ирээд БХЯ болон Онцгой байдлын ерөнхий газарт шахаж байсан юм. Аав шигээ бизнес овсгоо гаргасан юм байлгүй дээ. Хэрвээ аав нь Ц.Нямдорж гишүүн Н.Энхбаярт зөвлөж хэлж байсан шиг “Улс төрийн тэтгэвэрт” гарчихгүй бол хоёул ана мана өрсөлдөх байх. Хэн нь унахыг одоогоор таашгүй. Аав нь лав шартай, шазруун эр тул мөчөөгөө өгөхгүй байх. Гэхдээ ийнхүү хэлж буй маань зүгээр л онигоо төдий юм л даа. Юу боллоо гэж аав нь хүүгээ ялах гэж улайрах билээ, дуугүй л тахимаа өгнө. Инээдтэй атлаа эмгэнэлтэй улс төр гэж энэ дээ. 

Гадаад харилцааны дэд сайд, Ардчилсан Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч  Баярбаатарын Болор Архангайд нэрээ дэвшүүлэх сонирхол өндөртэй яваа юм шиг байна лээ. Өвөө нь томоохон дарга, сайд байсан гэдэг. Өмнөх сонгуулиар Эрүүл мэндийн сайд  С.Ламбааг сурталчлах ажилд гар бие оролцож байсан. Бас сонгуулийн компанит ажлыг удирдаж явсан туршлагатай. Харьцангуй залуу хүн ч гэсэн гадаад харилцааны хар бор ажил, дипломат ёсонд зэгсэн сайн суралцсан.  Б.Хурцын хэргийг Лондонгийн шүүхээр шүүх явцад Засгийн газрын ажлын хэсгийг ахалж ажилласан юм. Ардчилсан намын залуучуудынхаа дунд нэр хүнд сайтай боловч Архангайханы дунд рейтингээр тааруу байгаа ажээ.  

Говийн ноён хутагт Данзанравжаагийн нутгаас  улс төрд олон жил зүтгэж, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд болж үзсэн, одоо Ерөнхий сайдын зөвлөх хийж байгаа яруу найрагч, эмч, Одончимэдийн хүү бас л өв залгамжилсан улс төрч болох гээд харайж яваа гэнэ. Түүнийг О.Одбаяр гэдэг. Бээжин дэх Элчин сайдын яаманд хоолны газар ажиллуулж байснаас өөр гавьтай юм хийж яваагүй ч аавынхаа нөмөр нөөлгөөр УИХ-ын гишүүн болчихож магадгүй гэж горьдож байгаа бололтой. Өнөөх, хэл ам нь дийлдэхгүй адайр ааштай “Буян”-гийн Жагаа “Эхийнхээ сүүнээс гараагүй нялх амьтанд улс төр гэдэг бол дэндүү ахадсан ажил” гэж хэлж байсан нь эгээ л энэ хүүхдэд зориулсан гэлтэй. Тэр аавынхаа нутаг Дорноговь аймагт нэр дэвшвэл улс төрийн тогоонд баттай орно гэсэн хөөрхөн мөрөөдлөөс хэтрэхгүй яваа бололтой. 

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбооны гүйцэтгэх захирал Цэндийн Баатархүү гэж бас нэг лут эр улс төрөөр өвчлөөд явж байна. Монголын  лектор төвийг санаачлан байгуулж залуучуудын өнөө цагийн дүр төрх, имижийг өргөх талаар нэлээд олон лекц зохион байгуулсан гэнэ лээ. Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайд байх үед хэдхэн сар хэвлэл мэдээллийн албанд нь ажиллаж үзсэн. Лекцийн эмхэтгэлийн хэдэн ном хэвлүүлсэнээс өөр юм бараг үгүй. Гэхдээ математик, гүн ухааны сэтгэлгээ сайтай, менежерийн өндөр ур чадвартай хэмээн зарим нь үнэлнэ. Харин түүний УИХ-д горьдлого тээгээд яваа Хэнтий аймгийнхан нь “Нэг муу нусгай бацаан” гэхээс өөрөөр хэлдэггүй гэнэ лээ.    

Харин “Петровис” ХХК-ийн дэд захирал  О.Содбилэгийг Ардчилсан намын лидерүүдийн нэг  Банзрагчийн Дэлгэрмаа их л магтах ажээ. О.Содбилэг МАН-ын Бага хурлын гишүүн юм.  Нэгэнтээ “Зууны луйварчин” гэгдэж байсан Ш.Отгонбилэг агсаны  ууган хүү гэдгийг хүмүүс саяхнаас сайн мэддэг болж байгаа. Сайн эцгийнхээ буянд АНУ-д өндөр боловсрол эзэмшсэн, ажилсаг залуу юм билээ. Энэ оны эхээр “Ап таун” сэтгүүлийг худалдаж авсан. Нийслэлийн АСОХ-ны дэд тэргүүн, НАМЗХ-ы дэд ерөнхийлөгчийн сонгуульт ажлыг давхар амжуулж байгаа. Үе үе шатахууны үнийг дураараа нэмсэн гэх хэл аманд өртөхөөс өөрөөр одоохондоо бусдын чихийг дэлдийлгэм дуулиан шуугианд өртөөгүй яваа ажээ. Түүнийг дэмжих бодолтой хүн Завхан нутагт нь олон бий. Аавынх нь нэр нөлөө одоо ч хэвээрээ. Мөн хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди түүний аавын найз нь явсны хувьд сэм араас нь түлхээд өгөх магадлалтай. Гэвч гайтуулж мэдэх гол юм нь “Петровис” компанийх нь шатахууны үнийн өсөлт бөгөөд  ирэх онд ч үнийн шуурга үргэлжлэх байх.

Дорнод аймгийн сонгуулийн тойрог руу  “Монголын алт” компаний дэд ерөнхийлөгч Нямтайширын Номтойбаяр санааширч суугаа ажээ. Тэрээр хааяа тэнд очиж мөнгө тараадаг ажилтай.  МАН бага хурлын гишүүний сонгууль хүлээсэн энэ залуу өөрийгөө улс төрд бэлтгэгдсэн хэмээн тооцдог бололтой. Гэхдээ түүнийг Дорнодчууд тоох нь юу л бол гэх нутгийн иргэд цөөнгүй. Алтны бизнесээр Монголын толгой баячуудын нэг болоод байгаа Б.Нямтайширийн хүү гэдгийг нь хот хөдөөгийн залуус андахгүй.  Их аварга Д.Дагвадоржтой шөнийн цэнгээний газарт муудалцан буу тулгаж байсан гэх тэрээр хамгийн сүүлд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би шаардлага гарвал хэнтэй ч гар зөрүүлэхээс буцахгүй” хэмээн томорсон гэдэг. Энэ нь ямархуу ёс зүйтэй эр вэ гэдгийг нь харуулж буй хэрэг болов уу.

            Орхон аймагт “Ногоон суваг”-ийн захирал, сэтгүүлч Б.Батзул өрсөлдөнө гэнэ. Байгаль экологийн чиглэлээр иргэддээ танин мэдэхүйн сонирхолтой нэвтрүүлэг явуулж буйг үнэлэх нь зүйн хэрэг. Тэрээр 2008 оны УИХ-ын сонгуульд ИЗН-аас нэр дэвшиж байлаа. Сэтгүүлчийн хөдөлмөрөө улс төрөөр солих нь түүний хувьд томоохон сонголт, бас аз туршсан явдал биз.  

            Ийнхүү Монголын улс төрд залуучууд хүч түрэн орж ирж байна. Тэднийг харин цаг хугацааны том  шалгуур хүлээж байгаа. “Угжны хүүхдүүд”-ийг улс төрийн тоглоомоор тоглуулж болохгүй гэх томчууд бас олон байгаа ажээ.  Гэхдээ хүсэл тэмүүлэлтэй амьдрах шиг сайхан юм хаана байхав. Залуус маань өсч өндийх нь гарцаагүй.   

Б.Отгонбаяр

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top