Цоорхой дээрээ тахир дутуу Нийгмийн халамжийн тухай хууль

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 13

Монголын нийгмийн даатгалын тухай хууль цоорхой дээрээс нь “тахир дутуу“ юм байна гэдгийг санаандгүй явж байгаад анзаарлаа. Аль ч улсын Халамжийн тухай хуульд гадаадын иргэн онцгой тохиолдолд хүний амь нас аварч байгаад амь үрэгдвэл төрийн тусгай хангамжид хамрагдах тухай заасан байдаг. Гэтэл манай улсын Нийгмийн халамж тухай хуульд энэ талаар заах нь битгий хэл ганц үг, өгүүлбэр алга. Үүний нэг жишээг дурьдъя. Швейцарийн иргэн И.Збигнер 2007 онд Монгол улсад ирээд 2008 онд асрамжийн газар байгуулан 40 гаран хүүхдийг асарч байсан. Харамсалтай нь асрамжийн газарт гал гарах үед хүүхдүүд аварч байгаад өөрөө гал гарсан байшинтай хамт шатсан түүхтэй. Талийгаач болон талийгаачийн ар гэрийнхэнд манай улс төрийн төмөр нүүрээ харуулсан. Уг нь хүний ёсоор хандаж, мөнгөн тэтгэмжээ байг гэхэд эцэг эхэд нь манай улсад орчих виз гаргаж өгмөөр. Даанч Нийгмийн халамжийн тухай цоорхойтой хууль нь “тахир дутуу” болохоор гэр бүлийнхнийг энд ирүүлэлгүй, талийгаачийн цогцсыг өгч явуулсан байна лээ. Тухайн үед хэвлэлээр хэсэг бичигдээд мартагдсан И.Збигнер агсныг бид дурсаж, түүний гэр бүлийнхэнд талархаж явах учиртай. Тэгтэл төр маань дахин төмөр нүүрээ харуулав уу, төрийн албанд суусан эрх мэдэлтнүүд нь тэнэг юм уу бүү мэд түүний хөшөөг босгох гэсэнд татгалзсан. Дурсгалыг самбар босгох гэснийг мөн л зөвшөөрөөгүй. Талийгаач ид хийж бүтээх насандаа манай улсыг зорьж ирэн бидний ирээдүй болсон хүүхдүүдийг асарч байсан. Хайртай аав ээжийгээ төрсөн нутагтаа орхиод ирсэн И.Збигнер асрамжид байсан хүүхдүүдэд ихийг зааж, хайр хүндлэлийг нь хүлээсэн нэгэн байсныг хүүхдүүд, хамт ажилладаг хүмүүс нь баталдаг. Ийм сайхан хүний хөшөөг босгоход уг нь үгүйсгэх шалтаг баймааргүйсэн. Өнөөдөр түүний эхлүүлсэн үйл хэргийг хүмүүжүүлж байсан хүүхдүүд нь үргэлжлүүлж байгаа. Солонгосын нийгмийн халамж нь үнэхээр атаархмаар юм билээ. Өнгөрсөн сарын 27-ны өдөр Солонгос улсад болсон байгалийн гамшгийн үеэр бусдад тусалж яваад уулын хөрсний нуралтад өртөн амь насаа алдсан хоёр Монгол бүсгүйн ар гэрийнхэн тус улсын төрийн хангамжид хамрагдахаар болсон.Тодруулбал тус улсын хуулиар бол Солонгос улсад ямар нэгэн дайн байлдаан, байгалийн аюул, гал түймэр болон барилгын нуралт зэрэг ослын үеэр бусдад тусалж байгаад гэмтэж бэртсэн болон амь насаа алдсан тохиолдолд тухайн хүний ар гэрийнхэн нь Эмэгтэйчүүдийн яамны харьяа төрийн тусгай хангамжид багтах иргэдийн асуудлыг шийдэх хороонд төрийн тусгай хангамжид багтах өргөдлөө өгдөг. Тэд төрийн тусгай хангамжинд багтаж чадвал нэг удаагийн нөхөн төлбөр 285 сая вон болон оршуулгын бүх зардлаа Солонгос улсаар төлүүлэх юм байна. Түүнчлэн тэдний үр хүүхдийн их, дээд сургуулийн төлбөрийг тус улс дааж, насанд хүрсэн ар гэрийн гишүүдэд улсаас ажил олгож өгөх давуу эрхийг олгодог байна. Мөн нас барсан тохиолдолд төрийн тусгай оршуулгын газар оршуулагдах зэрэг хөнгөлөлтийг эдэлдэг. Энэ бол хамгийн наад захын жишээ. Манай улс энэ сайхан заалтыг хуулиндаа нэмээд оруулдаггүй юмаа гэхэд муухан шиг хуулаад авчихаж болдоггүй юм байхдаа. Өнөөдөр манай улсад хүний амь нас аварсан тохиолдолд Шударга журам медалиар шагнуулбал их юм. Харин цэрэг, цагдаа, онцгойгийнхон нэг хүний амь нас аварсан тохиолдолд 10,000 төгрөгөөр шагнуулдаг юм билээ. Хуулийнхаа цоорхойг нөхөөд, тахир дутууг нь засахад хуульчид, төрийн эрх баригч та бүхэн анхаарлаа хандуулна уу?

А.Баярмаа

Zindaa.mn- Үндэсний чөлөөт мэдээллийн шилдэг портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top