Базарсадын Баттулга
Базарсадын Баттулга 1970 онд Завхан аймагт төрсөн. 1993 онд МУИС-ийн сэтгүүлчийн ангийг төгссөн байна. Тэр залуу яруу найрагчдын анхны номын уралдаанд шалгарч Гэгээн үдшийн хөрөг" номоо 2002 онд хэвлүүлсэн байна.
Золбин жингэрийн дууль
Жирийн л эх-заяанд төрсөн
Жингэр гэдэг ад үзэгдсэн амьтан
Жихүүн салхитай зэвэргэн тэр үдэш
Зэндмэнэ сарны дор гөлөглөжээ
Шорвог нулимстай орчлон өрөвдсөн ч юм шиг
Шоовдор заяаг нь тэгшлэх ч гэсэн юм шиг
Сортоотой эр гөлөг ганцыг заяажээ
Содноос содон шаргалхан зүстэй ажээ
Нүгэл мэдэхгүй тэр хөөрхөн амьтныг
Нүдээ нээгээгүй байхад нь хүн авчээ
Ганцаардан үлдсэн хөөрхий муу жингэр
Гаслан цөхөрсөн ч тэнэмэл тавилангаа яахсан
Нумартал татаад тавьсан хөвч шиг
Нохдыг үлдээн жавхайтал ганцаараа сугарсан
Идэр насыг нь хулгайлж энэрэлгүй хорвоо
Эрүүний хувхай ясан дунд сэгсэрч орхижээ
Гэмгүй хөөрхөн гөлөг нь суга өсч
Гинжиндээ агсарч бусад руу дайрдаг болжээ
Гэсгээл өршөөл зэрэгцсэн хорвоо тэр юм шиг
Гинжтэйгээ эвлэрч бусдаас хоол горилжээ.
Саруул саруул мөртлөө нүдгүй орчлонгийн
Санаандгүй тохиолоор нэгэн жингэртэй л таарчээ
Гинжний догшин авир нь гэнэт хөдөлжээ
Гунхирсан хөөрхий түүний хоолойд
Уудам уудам мөртлөө давчуу хорвоод
Учрал хагцалын од зэрэг тохиожээ
Амьдын орчлонд тээж төрүүлсэн эхийнхээ
Ачийг хариулсан нь тэр байлаа
Шаргалхан үр нь тугдайн хэвтэх шиг
Сарнаас эцсийн удаа аврал эрэн
Золбин жингэр аяархан гийнаад
Зовлон үр хоёроосоо салжээ
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )