Шүлэг: Сэтгэл зүрхээ цоожгүй байлгах /Ж.Батцэцэг/

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 15

Жадамбын Батцэцэг

Ж.Батцэцэг морь жилтэй. Булган аймагт төрсөн. 1992 онд УБИС-ыг хэл, уран зохиолын багш мэргэжлээр төгссөн. Ардын эрх, Улаанбаатар телевиз, Монголын мэдээ зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж байсан. Одоо Андерсен студийн редактороор ажиллаж байна. Уран бүтээлээ 1980-аад оны дунд үеэс эхэлж 1991 онд “Хойд шугуйн жимс”, 2000 онд”Намайг хүлээсэн он жилүүд” номуудаа хэвлүүлжээ. 1990 онд “Найргийн даага” наадмын тэргүүн шагналыг хүртсэн. МЗЭ-ийн гишүүн.

 

Сэтгэл зүрхээ цоожгүй байлгах

Сэтгэл зүрхээ цоожгүй байлгах

Тийм эрх чөлөөнд би дургүй

Алиахан моддын цэцэг гэнэт түгж цэцэглэдэг шиг

Ааш зан дотоод нууц минь хааяа хүнд харагддаг

Зоргоор аашаа үргэлж дураар байлгах

Зоримог аашаа үргэлж дураар байлгах

 Хаа хамаагүй сад тавин урсах ус шиг

Халуун зөөлөн сэтгэл минь хааяа зоригоо гаргаг

Эрхэмсэг нялх аашаа дэлгэж болохгүй

Эршүүд шударга зан минь үүнийг зөвшөөрөхгүй

Зуны шиврээ бороо тааламжтай байдаг шиг

Эрх хонгор зан минь хааяа зөөлнөө илчлэг

Хөгжилтэй зангаа хамаагүй гаргаж болохгүй

Хөшиж орхисон мэт хүйтэн битгий царайл

Хаврын дараа зун айлчилан ирдэг шиг

Хөнгөн ааш чинь хааяа мэдрэгдэж байг.

 

 

Бурхан минь надад

Бурхан минь надад

Бусдаас илүү үзэсгэлэн

Бусдаас илүү амьдрал

Бусдаас илүү бүхнийг

 Хайрлахгүй ч бай хамаагүй

Хормын төдий алтан агшин

Гэнэн санамсаргүй онгод хайрла

Бурхан минь надад

Хүний өмсөөгүй эд

Хүний идээгүй идээ ундаан

Эрхэмсэг ер юу сайхан

Бүх сайхныг олгохгүй ч бай хамаагүй

Аянгын гялбалгаан шиг агшин

Аливааг дуулах хоолой хайрла

Бурхан минь надад

Ус шиг урсах торго

Уйдаж гасламгүй эрдэнэ

Ер хүүхэн миний эдлэх гэснийг

Хүүссэн зоргоор олгохгүй ч бай хамаагүй

Нялх ногоо ургах агшныг

Надад хайрлаж үз

Надаас сайхан нь олноор төрсөн

Надаас сайхныг олноор эдэлсэн

Төрсөн эдэлсэн хоёр мөнхөрснийг сонссонгүй

Тунирхсан жаргасан бүхэн чихэнд минь дуулдсангүй

Олж төрсөн заяа үхэх одтойгоо байдгийг

Олирс мойл боловсроод өөрөө унадгийг

Онцолж хэлүүлэх сэтгэлгүй

Омгорхог зүрх минь ойлгожээ

Хормын төдий таныг дуулах

Хоолой хайрла

Хорвоогийн жаргал цэнгэлийг умартах

Мартал хайрла

Ээвэр газрын хэнз ногоо шиг

Онгод хайрла

Эрхэмсэг энэ бүгдээс ганцхан

Элгэмсэж дурлах дурлалыг минь үлдээ

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top