Жил жилийн намар их дээд сургуулийн оюутнууд Сүхбаатарын талбайд жагсаал цуглаан зохион байгуулан хичээлийн шинэ жилээ эхэлдэг болсон. Энэ уламжлал удахгүй дахиад давтагдах бололтой. Монголын их дээд сургуулиудыг тэргүүлж яваа Монгол улсын үндэсний их сургуулийн удирдах зөвлөлийн гишүүд саяхан хуралдаж энэ жилийн сургалтын төлбөрөө 30 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ. Тус сургуулийн Удирдах зөвлөлийн дарга нь УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан гэнэ. Тэрээр ийм шийдвэр гаргахыг зөвшөөрчээ. Мэдээж хэрэг Удирдах зөвлөл хэмээх хамтын удирдлагын энэ байгууллагыг толгойлж буй хүний хувьд олонхи нь ингэж шийдэх саналтай байгааг тэр дагасан, эсвэл өөрөө ийм санал гаргаж нөгөөдүүл нь дэмжсэн биз. Яагаад ийм байдалд хүрэв гээд лавласан сэтгүүлчдэд сургуулийн удирдлагууд инфляц хоёр оронтой тоонд хүрчихсэн болохоор өөр арга байсангүй гэжээ. Ер нь инфляц өсч байгаа нь үнэн. Гэхдээ их дээд сургуулиуд сургалтын төлбөрөө нэмэх хэмжээнд нөлөөлөөгүй байна гэх судлаачид цөөнгүй. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр ч төлбөрийг нэмэхийн эсрэг зогсож байгаа бөгөөд ийм шийдвэр огт гаргаагүй ажээ. Гэтэл МУҮИС-ын Удирдах зөвлөл болон УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан мэтийн хүмүүс л сургалтын төлбөрийг 30 хүртэл хувиар нэмэгдүүлэхийг санаачлан бусад их дээд сургуулиудыг уриалаад байгаа юм байна. Хэрвээ тэднийг дагаад сургалтын төлбөр нэмэгдвэл оюутнууд урьдын адил эсэргүүцлээ илэрхийлэл бололтой.
Б.Отгонбаяр
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн шилдэг портал
Сэтгэгдэл ( 0 )