Ц.Шинэбаяр гишүүн МАХН-ын гишүүнээсээ татгалзжээ. Тэр аль нэг намын гишүүн бус байхаар шийдсэн гэнэ. Энэ тухайгаа зарим интернет сайтуудаар өнөөдөр зарлав. МАХН-ынхаа удирдах байгууллагад ч үүнийгээ албан ёсоор мэдэгдсэн байна. Ийнхүү бүтэн найман сар гаруйн турш МАХН-ыг хэвээр нь авч үлдэхийн төлөө тэмцсэн хэрнээ гэнэт яагаад энэ намаас гарах болов гэдэг нь тун сонирхолтой. Тэрээр тайлбарлахдаа “Ард түмний элчийн хувьд миний бие ард түмний улс төрийг эхлэхээр шийдсэнээ мэдэгдэж эвлэлдэн нэгдэх эрхээ алдсан МАХН-ын 25000 гишүүдийн эрх ашгийн төлөө 8 сар зүтгэсний эцэст эх орноо гэсэн эгэл жирийн 25000 МАХН-ын гишүүдийг эвлэлдэн нэгдэх эрхийг баталгаажуулсны дараа МАХН-ын дэд даргын сонгуульт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж ард түмний улс төрийг үргэлжлүүлэхээ мэдэгдсэн билээ. Гэтэл ойрын үед хэвлэл мэдээлэлээр ард түмний улс төрийг эрхэм зорилгоо болгосон “Хамуг Монголын Эвсэл”-ийг МАХН-ын бодлогыг хэрэгжүүлж байна гэж ярих болсон нь Монголын ард түмэн өөрийн улс төрөө өөрөө хийх идэвхийг саармагжуулах, эх орны тусгаар тогтнолын төлөө Монголын ард түмэн өөрсдөө эвлэлдэн нэгдэх үйл хэргийг таслан зогсоох оролдлого хэмээн үзэж байна. Монголын төрийн эзэн Монгол ард түмний эрх ашгаас дээгүүр ямар ч эрх ашиг Монголд байж болохгүй учраас МАХН-ын журмын нөхдөд Монголын ард түмний төлөө ихийг хийж бүтээгээрэй гэж захихын дашрамд Монголын ард түмний эрх ашгийн төлөө “Ард түмний улс төр”-ийг хийх өөрийн итгэл үнэмшилдээ үнэнч байхын тулд МАХН-ын гишүүнээс татгалзахаар шийдсэнээ МАХН-ынхаа мянга мянган жирийн гишүүдэд мэдэгдэж байна. МАХН-ын үйл хэрэгт амжилт хүсч, Монголын төрийн эзэн болох Монголын ард түмний төлөө өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийнэ гэдэгт найдаж байна. Монголын ард түмнээс өөр нандин зүйл Монголд байх ёсгүй шүү” гэжээ. Ц.Шинэбаяр гишүүн одоо УИХ-д аль ч намыг төлөөлөхгүй, З.Алтай шиг бие даагч болох юм байна. Гэхдээ “Хамуг Монгол эвсэл” нэртэй хөдөлгөөнөө удирдахаар шийдсэн гэнэ. МАХН-ын дэд даргаар ажиллах байхдаа энэ албан тушаалаасаа татгалзсан боловч намын бага хурал нь түүнийг чөлөөлөөгүй байсан юм. Тэгвэл одоо намаасаа бүрмөсөн гарах хүсэлтийнх нь дагуу өргөдлөө өгсөн энэ өдрөөс эхлэн гишүүнчлэлээс хасагдсанд тооцох ажээ.
Б.Отгонбаяр
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн шилдэг портал
Сэтгэгдэл ( 0 )