“Эрдэнэт” үйлдвэр төрийн томчуудын шахааны бизнесийн гол төв болоод удаж байгаа. Энд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын гэх мэт тоглоомын компаниуд гадаадаас ашиглах боломжгүй элдэв янзын бараа материал авчирч шахсаар тус үйлдвэрийг өрийн тулам болгосныг нууцалсаар өдий хүрчээ. Харин саяхнаас тус үйлдвэрийн дарга асан, одоогийн УИХ-ын гишүүн Х.Наранхүүд холбогдох 10 тэрбум орчим төгрөгийг хэргийг Авлигатай тэмцэх газраас дахин шалгаж эхэлсэн юм. Гэвч дээрээ толгойгүй болчихоод байгаа авлигатай тэмцэгчид түүнд хамаарах хэргийг удахгүй хаах төлөвтэй болчихож. Нэгэн ажилтан нь энэ талаар хуульч, мөрдөн байцаагч хүнээс гарамгүй сонин тайлбар, мэдээлэл хийжээ. Х.Наранхүүгийн хэрэг удахгүй өршөөлийн хуульд хамааран хэрэгсэхгүй болох юм гэнэ. Мөрдөн байцаалт нь ч дуусаагүй гэх энэ хэргийг дурын нэг ажилтан нь шууд өршөөлийн хуульд хамааруулах бололтой. Уг нь ямар ч хуульд ийм бүдүүлэг заалт байхгүй. Үүний адил бас Х.Наранхүүгийн хам хэрэгтэн гэгдээд байгаа одоогийн Монгол банкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийн хэргийг ч замхруулахаар шийджээ. Тухайн үед Төрийн өмчийн хорооны дарга байсан Л.Пүрэвдорж нь Х.Наранхүү рүү утасдаж “Надад нэг Ланд круйзер машин бэлгэлчих” гээд гуйгаад байсан юм гэнэ ээ. Тэгээд л Х.Наранхүү нь өгсөн юм байх. Эгдүүтэй байгаа биз. Нөгөө Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх “Хадгаламж” банкны 14,2 тэрбумын хэргээр шалгагдаж байснаа сүүлдээ “Пургон” машин бэлгэнд авсан болж хувирсан шиг л юм болоод явчихлаа. Эд нар иймэрхүү аргаар хууль хяналтаас мултарч үлддэг улс бололтой. Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тун таагүй хандаж байсан. Шоронд орсоных нь дараа УИХ-ын дарга Д.Дэмбэрэл мэтийн хүмүүс түүний орны хүнийг одоо болтол томилохгүй байгаа зэрэг нь томчуудын хэргийг аль нэг талаар хаацайлж цайруулах гэсэн зохион байгуулалттай бүлэглэлийн үйл ажиллагаа гэдэг нь одоо л тодорхой болж байх шиг байна. “Эрдэнэт” үйлдвэрийн өр төлбөрийн бүх асуудлыг нарийвчлан шалгавал олон хүн шоронд орно шүү хэмээн зарим эх сурвалж анхааруулсаар байгаа юм.
Б.Отгонбаяр
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн шилдэг портал
Сэтгэгдэл ( 0 )