Америкийн дэд ерөнхийлөгч Жосеф Байден энэ оны 8-р сарын 16-наас Хятад, Монгол, Япон гурван оронд айлчлах гэж байна. Тэрээр Хятадын удирдагчидтай уулзаж, хоёр талын болон бүс нутаг, дэлхийн хэмжээний асуудлаар санал бодлоо солилцох бөгөөд дараа нь Монгол, Японд айлчлах төлөвлөгөөтэй ажээ. Жосеф Байден Америк, Монголын эдийн засгийн харилцааг хөгжүүлэх асуудлаар ярилцах юм байна. Энэ сарын 19-нд манай улсад хүрэлцэн ирэхээр товложээ. Түүнийг ирэх үеэр харин иргэний хөдөлгөөнүүд болон “Ногоон эвсэл”-ээс Сүхбаатарын талбайд иргэдийн эсэргүүцлийн жагсаал цуглааныг зохион байгуулахаар болжээ. Учир нь Монголд цөмийн хаягдал булшлах тухай гэрээг Америк, Япон, Монгол улс хамтран хийхээр болсонтой холбоотой юм байна. Саяхан Америкийн Лос Анжелос хотод амьдарч байгаа монголчууд Америкийн эрх баригчдад хандан “Монгол улсыг цөмийн хаягдлын булш болгохгүй” гэсэн эсэргүүцлийн шаардлага тавьсан юм. “Ногоон эвсэл”-ийнхэний тооцоолж байгаар манай улсад цөмийн хаягдал булахаар болвол жилдээ 20 тонн хорт бодис газар нутгийг маань хордуулна гэнэ. Америкийн индианчуудын дунд онош нь тодорхой бус хавдраар өвчлөгсдийн тоо сүүлийн жилүүдэд огцом өссөн нь цөмийн хаягдал булшилсантай холбоотой гэж тэд үзсэн байна.Тиймээс алсдаа иймэрхүү гамшиг бүү тохиолдоосой хэмээн иргэний байгууллагууд эсэргүүцлээ илэрхийлэх ажээ.
Б.Отгонбаяр
Сэтгэгдэл ( 0 )