Булган аймгийн сум дундын шүүх энэ оны эхний зургаан сарын байдлаар 123 хүнд холбогдох эрүүгийн 79 хэрэг хүлээн авснаас хоёр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, нэг хэргийг харьяаллын дагуу шилжүүлж, 84 хүнд холбогдох 66 эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэжээ. Тус шүүх одоо таван хэргийн үлдэгдэлтэй байна. Дээрх хэргийн явцад 84 хүн ял шийтгүүлснээс 58 хүнд хорих ял оноож, 20 хүний хорих ялыг тэнсэж хянан харгалзаж, 38 хүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн аж. Мөн 23 хүнд баривчлах, хоёр хүнд албадан ажил хийлгэх ял оногдуулж, хоёр хүнд холбогдох нэг хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Тэгвэл 431 иргэний нэхэмжлэл хүлээн авч, 34 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, 15 нэхэмжлэлийг нэхэмжлэгчид буцаан, харьяаллын дагуу шилжүүлээд байгаа аж. 311 нэхэмжлэл хянан шийдвэрлэж, одоо 68 иргэний хэргийн үлдэгдэлтэй, 13915250 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг төрийн санд оруулсан байна.
Харин тус аймгийн Давж заалдах шатны шүүх эрүүгийн 25, иргэний 17 хэрэг хянан шийдвэрлэжээ. Харин Захиргааны хэргийн шүүх нь 14 нэхэмжлэл, хэрэг хүлээн авснаас есөн хэргийг шийдвэрлэж, дөрвөн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, нэг нэхэмжлэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийж байна.
Шүүх өөрөө болон эрх бүхий байгууллагаас шилжүүлсэн, захиргааны зөрчлийн 58 материал хянан шийдвэрлэж, 53 хүнд баривчлах, таван хүнд 65000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулжээ. Хорих байгууллагын санал, прокурорын дүгнэлтээр ялтныг хугацаанаас өмнө тэнсэн суллуулах, дэглэм бууруулах, хуульд нийцүүлэн ял хасуулах зэрэг 25 материал хүлээн авч хянан хэлэлцэж, таван ялтны эдлээгүй үлдсэн ялаас нь хугацааны өмнө тэнсэн суллаж, 18 ялтны ял эдлэх дэглэмийг бууруулж, нэг ялтны эдлэх ялыг гянданд эдлүүлэхээр, нэг ялтны шагналын хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцож шийдвэрлэсэн, одоо хоёр материалын үлдэгдэлтэй байгаа ажээ.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )