“10-ын зэрэг хүн буудсан ч яахав” гэсэн С.Баярын яриа үнэн бол түүнээс л ял асуух хэрэгтэй дээ

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 16


 

7 сарын 1-ний хэрэг явдалтай холбогдуулан “Шууд.мн” сайтын сэтгүүлч Н.Түвшинг Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанаас дуудаж байцаажээ. Түүнийг мөрдөн байцаалтын нууцыг задруулсан гэж үзсэн бололтой. Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албаныхан  7 сарын 1-ний хэргийг гурван жил гаруй шалгаж байгаа. Цагдаагийн ерөнхий газрын дарга асан генерал Ч.Амарболд, Нийслэлийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Зоригт, Хэв журмын хэлтсийн дарга асан, хурандаа Г.Ганбаатар нарын зэрэг арав гаруй цагдаагийн албан хаагч шалгагдаж байна. Тэдний хэргийг урьд нь өршөөлийн хуульд хамааруулан хэрэгсэхгүй болгосон боловч талийгаачдын ар гэрийнхэний гомдлоор дахин хэрэг үүсгэн шалгахаар болсон юм. 7 сарын 1-ний шөнө онц байдал тогтоох эсэхийг Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр С.Баярын шаардлага шахалтаар шийдэхийн өмнө генерал Ч.Амарболдтой уулзан саналыг нь сонсоход тэр “Заавал онц байдал зарлах хэрэггүй” гэжээ. Гэхдээ энэ яриа нь тэр өдрийн орой 19 цагийн орчимд болсон шиг байгаа юм. Н.Энхбаяр намуудын дарга нартай дараа нь уулзах гэтэл цаадуул нь хоорондоо баахан хэрүүл хийгээд онц байдлын талаар ярих ч нөхцөл бүрдээгүй гэдэг. Гэтэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нэг гишүүн буюу УИХ-ын дарга асан Д.Лүндээжанцан нь хөдөө явж байжээ. Энэ мэтээр онц байдал тогтоох асуудал хойшилсоор шөнө болсон гэдэг. С.Баяр харин намынхаа байрнаас зугтан гарч, шөнө тэнд цугласан цагдаа нарыг тараасан гэх мэдээлэл бий. Ч.Амарболд тэр үеэр ч, ер нь аль ч үед нь үймээн болж байсан газар дээр очоогүй ажээ. Иймэрхүү, дээр доороо  учраа олохгүй бужигналдаж байх үеэр С.Баяр нэгэн цагдаагийн ажилтанд бухимдлаа илэрхийлэн “10-ын зэрэг хүн буудсан ч яахав” хэмээн томорсон тухай явган яриа одоо ч хүмүүсийн ам дамжин яригдсаар байгаа нь тун сонин. Хэрвээ энэ үнэн бол С.Баяраас ял асуух хэрэгтэй. Нөгөө талаар тухайн үймээний дундуур хэсэг Орос хүмүүс тагнуул, цагдаагийн ажилтнуудтай хамт явж байсан дүрс бичлэг хожим нь телевизүүдээр гарч байлаа. Ер нь энэ үймээнийг алсаас, нарийн тооцоолж, зохион байгуулсан явдал гэдэгтэй одоо маргах хүн бараг үгүй болж байх шиг байна. Ийнхүү таван хүний амийг авч одсон үймээний хэргийн талаар таамаг, төсөөлөл дэвшүүлсэн хүн бүрийг мөрдөн байцаагч нар дуудаж шалгадаг бол бичиглээч хэн ч байсан дуудагдах, аягүй бол нөгөө “Нэг худаг”-т суух ажилтай болж мэдэх юм байна л даа. Мөрдөн шалгах соёл, арга барил нь социализмийн үеийнх шигээ хэвээрээ байгаа бололтой. Хүчээр мэдүүлэг авдаг, нотлох баримтаа бүрдүүлж чадаагүй атлаа хэн нэгнийг  шууд л барьж аваачаад хорьчихдог харгис арга барилаа хэзээ халах юм бол доо, энэ цагдаа нар маань.

Сэтгүүлч Б.Отгонбаяр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top