Тасалбараа 20 хоногийн өмнө захиалах боломжтой

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 16

Оюутан сурагчдын амралт, аймгуудын ойн баяр их болж буйтай холбоотойгоор Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг, аймгуудаас нийслэлийн чиглэлд зорчих хүний тоо эрс нэмэгдлээ. Энэхүү урсгал өмнөх оныхоос даруй нэг дахин ихэссэн байна. Тээврийн хэрэгслийн оношилгоо, хяналт зохицуулалтын албаны тээврийн хэлтсээс хот хоорондын зорчигч тээвэрлэлтийн ачаалал эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор нэмэгдэл тээврийн хэрэгслийг өдөр бүр цаг тутам гаргах болжээ. Нэмэгдэл тээврийн хэрэгсэл гаргалаа гээд иргэдэд үйлчлэх үнэ тарифт өөрчлөлт орохгүй юм байна. Сонгинохайрхан, Баянзүрх авто вокзалын ачаалал маш ихэсч байгаа тул ачааллыг багасгах зорилгоор онлайн тасалбар бичилт хийж байна. Ингэснээр иргэд эдгээр вокзалуудаас хөдөлдөг бүх чиглэлд үйлчлүүлэх захиалгаа 20 хүртэл хоногийн өмнө өгөх боломжтой боллоо. Өөрөөр хэлбэл, иргэд заавал Сонгинохайрхан, Баянзүрх авто вокзал орох шаардлагагүй бөгөөд хамгийн     ойрын цэгт байрлах салбараас тасалбараа бичүүлэх боломжтой болж байгаа юм. Тээврийн хэрэгслийн оношилгоо, хяналт зохицуулалтын албаны тээврийн хэлтсээс олон нийтэд хандан орон нутгаар зорчих үедээ албан ёсны зөвшөөрөлтэй, стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх шаардлагатайг анхаарууллаа. Тээврийн хэрэгслийн оношилгоо, хяналт зохицуулалтын алба нь хот хоорондын тээвэрлэлтийг 20 аймгийн алслагдсан гурван дүүрэг, 32 сум, 65 чиглэлд зохион байгуулдаг байна. Энэхүү үйлчилгээг 45 аж ахуйн нэгж байгууллагын 928 тээврийн хэрэгслээр өдөр бүр гүйцэтгэдэг.

Эх сурвалж: Өглөөний  сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top