Гэрлэх ёслолын ордныхон ганц гээд давраад байна уу, үгүй юу?

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 16

Аз жаргалтай амьдралын эхлэл, насандаа ганц хийх баяр бол гэрлэлт. Тиймдээ ч ихэнх хос нийслэлдээ ганц байх  гэрлэх ёслолын орондоо ёслол үйлдэхийг хичээдэг.   Харамсалтай гэрлэх ёслолын ордон үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл санааг өргөх биш уур бухимдал,  сэжиг, зэвүүцлийг төрүүлдэг болжээ.  Гал голомтоо бадрааж байгаа хүнийг үүдний харуулаас эхлээд бүх ажилтан нь ингэ, тэг, хурдал, бушуул түргэл, дараагийн хурим болохоо байлаа гэж загнаж уур бухимдал хүргэнэ.
 Хувцас солих ганц өрөөтэй.  Тэр өрөө нь бидний хэлдгээр”бөгс эргэх зайгүй”.  Ямар сайндаа л хүргэн бэр хоёр нь нэг дор хувцсаа солино.  Өөр хос хувцас зэрэг солих явдал гарах тохиолдол бий.  Тэгэхээр ямар ч хүний сэжиг, зэвүүцэл зэрэг хүрч таараа.  Хувцас солих өрөөнөөс эд зүйл алга болбол хуримын ордныхон  мөрөө хавчин, толгой сэгсэрч  мэдэхгүй гэж нэгэн дуугаар зэрэг хариулна.
За яахав ганц хийх хурим, ганц хийх ёслол юмдаа гээд тэсээд дуугүй өнгөрөх нэгэн байхад  эвгүй сэтгэгдэлтэй өнгөрөх нэгэн бас байна. Учир нь  гал голомтоо бадраах агшинд ингээч тэгээч гээд загнуулсан хүний амьдрал, өнгөгүй, гэрэл гэгээгүй байвал яана гэж бодохын зэрэгцээ, сайныг ерөөх газар мууг ёрлож байгаагаас ялгаа алга муухай дурсамжтай өнгөрнө. 
Саяхан гэрлэх ёслолын ордонд гэрлэлтээ батлуулсан хос үнэхээр сэтгэл дундуур гарч байсан.  Тэдний яриагаар:  Нийслэлдээ ганц Гэрлэх ёслолын ордон нь хоцрогдсон.  Ганц болохоор ажилчид нь  их омголон.  Дошин дээрээ гэдэг шиг  л ажлын байрандаа дээрээ томорно. Дээрээс нь 30-40 минутын ёслол үйлдэхийн тулд 600-700,000 төгрөг төлнө гэдэг арай л чанга байгаа юм.  Гурван жилийн өмнө энэ хөлс 450-550,000 байсан.  Харамсалтай нь үнэ нэмэгдсэн үйлчилгээ нь  хөлс шигээ  чанартай биш,  хангалттай үйлчилгээ үзүүлдэггүй.  Өнөөх л санал болгож байсан үйлчилгээ хэвээрээ.  Үүнд нь гэр бүл бололцох төрийн болон уламжлалт ёслол, магтаалч, морин хуурчид ерөөлөө хэлж, 30-45 минутын бичлэг,  22 ширхэг зургийг  цомог хийж өгнө, хосуудын машиныг чимэглэж өгнө.  Дээрх үйлчилгээ дээд тал нь 150,000 төгрөгт багтана. Харин үлдсэн мөнгө нь зүгээр л Гэрлэх ёслолын ордны халаасанд орж байгаа юм.   Тэгэхээр  нэгэнт мөнгийг нь авч байгаа юм чинь сайхан үйлчилж болно  ш дээ.  Хүн гал голомтоо бадраахдаа уур уцаартай, загнуулсан, яарч сандарсан орчинд хийхийг хүсэхгүй нь тодорхой. Хүний гал голомтыг ингэж унтрааж боломгүй гэдгийг тун бухимдалтай хэлж байсан.
 Үнэхээр  гэрлэх ёслолын ордны ажилчдын харилцааны соёл тэг,  үйлчилгээний соёл таг болжээ.  35 жилийн түүхтэй, 25,000 хосын хурим баталсан туршлагатай гэж өөрийгөө магтаж байгаа энэ хамт олон өнөөдөр ажлын хариуцлага өндөр байх ёстой.  Гэтэл өөрийгөө санхүүжүүлэх, нийслэлд ганц төрийн байгууллага гэдэг утгаараа ийм хүнд сурталтай байдаг юм бол  өөр гэрлэх ёслолын ордонтой болцгооё л доо.
Арай саруулхан ордон бариулаад,  үйлчилгээний хөлсний  сонголттой, иргэдээ мөлжих бодлогыг урдаа барьдаггүй,  үйлчилгээ болон харилцааны соёлтой шинэ  гэрлэх ёслолын ордонтой болбол  Х.Оюунчимэг даргаар ахлуулсан  энэ төрийн байгууллагын үйлчилгээний тариф буурч, ажилчдын харилцаа сайжирах нь тодорхой.  Мөн  Гэрлэх ёслолын ордноор үйлчлүүлэгчдийн тоо буурах биз.
Ерөөсөө л хүнд сурталтай  газрыг даврааж байхаар  шинэ ордонтой болж, даварсан Гэрлэх ёслолын ордныхонд нэгийг бодруулах цаг нь болжээ.

А.Баярмаа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн шилдэг портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top