Английн шүүхээс Герман руу шилжүүлэхээр болоод байгаа Б.Хурцын талаар Засгийн газрын хуралдаанаар удахгүй хэлэлцэж ажлын хэсгийг өөрчлөх бололтой. Үүний хажуугаар Гадаад харилцааны яамны цаг үеэ олоогүй, улс орныхоо нэр хүндийг олон улсын тавцанд унагасан зарим дүгнэлтүүдийн талаар шуугиан дэгдэж эхэллээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Б.Хурц Англид баривчлагдсанаас хойш хоёр долоо хоногийн дараа Гадаад харилцааны яамны Олон нийттэй харилцах газрын дарга Б.Монхоо их л сүржин мэдэгдэл хийсэн байв. 2010 оны 10 дугаар сарын 4-ний өдөр хийсэн уг мэдэгдэлд “...Гадаадаас хүн баривчилж, хулгайлж авчрах тушаал нь Монгол улсын хууль тогтоомжийг болон, олон улсын эрх зүй, хүний эрхийн хэм хэмжээг ноцтойгоор зөрчсөн явдал байв. Ийм тушаал өгснийг тухайн үеийн Ерөнхийлөгч ч мэдээгүй, Д.Энхбатыг баривчилсан талаар шүүх, прокурорын ямар ч дүгнэлт гараагүй байна. ...Хүн хулгайлсан энэ хэрэг илчлэгдсэний дараа ХБНГУ болон Францын зүгээс манай талд асуудлыг нухацтай тавьж эхэлсэн. Харамсалтай нь албан ёсоор уучлалт хүсэхийн оронд улсын нууцыг задалж, гүйцэтгэх ажиллагааны процесс, тусгай ажиллагааны гүйцэтгэгч нарын нэрсийг гадаадынханд өгсөн” гэжээ. Өөрөөр хэлбэл манай гадаад харилцааны ажилтнууд Б.Хурцад тус болох санаатай мэт боловч энэ нь харин ч ус болж, улмаар Англи, Герман, Франц зэрэг энэ хэргийг сонирхогч улс оронд өгөөш болж ашиглагдах мэдээллийг түгээсэн байжээ. Б.Монхоогийн ийнхүү мэдэгдэж байх үеэр МАХН нь МАН хэмээн нэрээ сольж, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр хуучин журмын нөхдөө орхиход хүрээд байсан юм. Б.Хурц нарын зэрэг тагнуулчид Д.Энхбатыг Европын орнуудаас хил дамнуулан хулгайлж авчрах үеэр Н.Энхбаяр Ерөнхий сайд байсан бөгөөд Тагнуулын Ерөнхий газрын даргаар Батсайхан гэгч ажиллаж байжээ. Б.Монхоо нь Ардын намынх, сайд Г.Заданшатар ч бас Ардын намын гишүүн. Ухаандаа намын гишүүд нь Н.Энхбаяртаа өширхөх аятай тийнхүү мэдэгдэл хийснээр Английн шүүхийнхэнд ашиглагдсан хэрэг хэмээн зарим ажиглагчид дүгнэж байна. Зүй нь Н.Энхбаяр тухайн үед Д.Энхбатыг хулгайлж авчрах үүрэг өгсөн ч байлаа гэсэн Гадаад харилцааны яамны газрын дарга нь уг хэргийн албан ёсны баримт болох мэдэгдэл хийж учиргүй байж. Харамсалтай нь Лондонгийн шүүх дээр тэрхүү болчимгүй мэдэгдэл нь Б.Хурцын талаарх хангалттай нотолгоо болжээ. Монгол улсын Засгийн газар Д.Энхбат гэдэг хүнийг Европоос хулгайлаад ир гэж Б.Хурцыг явуулсан нь тодорхой байна гээд л Английн шүүх шийдвэрээ гаргачихжээ. Гэхдээ тагнуулчдынхаа нэрсийг Н.Энхбаяр гадаадынханд өгсөн үү, Батсайхан нь өгсөн үү гэдэг нь Лондонгийн шүүх бүү хэл Германы шүүхийнхэнд ч одоо падлийгүй. Гагцхүү үнэн бодитой л байвал боллоо гээд шүүрээд авсан байж таарлаа. Харин Германы тал Б.Хурцад хэрхэн хандах, шүүхийн шийдвэр яаж гарах нь оньсого шиг хэвээрээ үлдэж байна.
Сэтгүүлч Б.Отгонбаяр
Сэтгэгдэл ( 0 )