МИАТ-ын нисгэгчид Х.Баттулга сайдад мэдэгдэл өгөв

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 16


МИАТ компанид дахиад л асуудал үүсч байна. Сөүл-Улаанбаатарын чиглэлийн зуны нислэгийг Солонгосын талаас хаачихсан. Гэтэл саяхнаас Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам, Төрийн өмчийн хорооноос нэгэн хачирхалтай шийдвэр гаргах гэж буй тул МИАТ-ын нисэх бүрэлдэхүүн бухимдалтай байгаа ажээ. Юув гэвэл, тус компанид гадаадын менежментийн багийг урьж ажиллуулахаар төлөвлөжээ. Гадаадын хүмүүсийг л авахгүй бол манай үндэсний компаниуд урагш ахихгүй болчихоод байгаа юм байх. Гэхдээ дарга нарынхаа ийм бодлыг МИАТ компанийхан эрс няцаажээ. Яам, газраас нь тооцоолоод байгаа гадаадын менежментийн багийн 6 менежерт дор хаяж 6 сая ам. долларын хөлс төлөх нь бүтэшгүй зүйл гэж тэд үзлээ. Хэрвээ ийм маягаар менежментийн багийг ажиллуулбал МИАТ ХК-ний хувьцааны нэрлэсэн үнэ болох 5,5 тэрбум төгрөгөөс 1,34 дахин давсан үнэ хөлс шаардах болж байгаа ажээ. Тиймээс үндэсний компаниа үгүйрүүлж хоосруулах менежментийн багийг гадаадаас оруулж ирэхээ зогсоохыг хүсч Х.Баттулга сайд болон Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугарт хандан мэдэгдэл хүргүүлсэн байна.

Х.Тулга   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top