Өгүүллэг бол гүнзгий санааг цомхон бөгөөд сонирхолтой илэрхийлдгээрээ хэний ч таашаалыг хүлээдэг, хүмүүсийн хамгаас их амтархан уншдаг, хүүрнэл зохиол сонирхогчид өөр өөрсдийнхөөрөө үнэлж цэгнэж чаддаг, Монголын шинэ үеийн уран зохиолд нэлээд сайн хөгжсөн төрөл зүйл билээ.
Zindaa.mn сайт уншигчдадаа Монголын сонгомол өгүүллэгээс толилуулж байна.
Нохой гэрт хүн урдаггүй
Газар тэнгэрийн савслагаас нар таширлан хорвоо дэлхийг алтруулав. Өдөржин хамт архидсан нөхдөөсөө Түгжав гэнэт салж, тууврын мал тууж одсон Донойнх өөд яралзуулахад, ухаа зээрд морь нь оройн наранд гал адил цоролзож байна. Айлуудын зэлэнд бух урамдаж, өдөржин адуу хурсан нуурын зүгээс шивтэр ханхлана. Нуурын хөвөөгөөр Түгжавыг хайр чулуунд мориныхоо дөрвөн хөлийг балбалзуулан хажигнаж явахад нар шингэж билээ. Хөлөрсөн ухаа зээрд морь нар жаргасан хойно бараан, болон сүүтэлзэж, өдөржин адууны хөлд цалиглаж ядарсан нуур үдшийн бүрэнхийд тогтож ядан цэлэлзэх нь нойрсохоор яарах мэт азай.
... Түгжавын бараанаар зэлүүд талын ганц гэрээс даага шиг хар нохой дүүлэн
гарч ирлээ. Донойн энэ нохой чоно барьдгийн гадна Түгжавыг үзэн ядна. Хар нохой морины хоёр талаар сэлгэн Түгжавын нүүр өөд үсчихэд нялуун үнэртэй халуун амьсгал нь хан ханхийж, аймшигт араа соёо нь ярзалзаж байв. Тэнзэн ташуураараа Түгжав нохойны сарьсан хамар дээр дэлсмээр хорхойтсон боловч зорьсон хэргээ бодож биеэ барив. Тэгээд нохойд өвдөг хөлөө хазуулчихгүйн тулд том ташуураа хий зангаж явлаа. Уур нь дэлбэрэх шахсан нохой урилгагүй зочныг гэртээ ойртох тусам л хилэгнэж, ухаа морийг зогсоохоор сүүлнээс нь чаргууцалдсанаа хүч хүрэлгүй Түгжавын ган дөрөөг тан янхийтэл хазлав. Донойн гэргий Хандмаа гэрээсээ гарч нохойгоо хорихоор гүйх замдаа үс гэзэг, дээл хувцсаа янзалж явна. Тэрбээр нохой руугаа гүйж очоод "Хол яв! Байтлаа гэрт хүн буулгахгүй нь уу" гэж зандрахад хар нохой арга буюу нохойн ёсоор эзнийхээ өмнө газар хэвтээд хүлцэнгүйгээр гийнан мөлхөх авч үзэн ядсан уур нь багтаж ядан хахаж цацна. Түгжавыг уяанаас морио уяад гэр өөд явахад хар нохой хүзүүвчнээсээ зуурсан Хандмааг чирч хоолой хяхтнуулан зүтгэхэд эзний нь хормой ярагдаж хоёр урт цагаан гуя гялалзан урагш хөвчлөн жийгээд нойтон газар онгилон улдав. Хар нохойг турьхан эзнийхээ гараас мултарч ирээд толгой дээрээ мордчих вий гэж айсан Түгжав гэрт орохоор яарч, ичсэндээ хажуугийн хүн харахад нударга хаялан хаахалзаж, ачир дээрээ явган явж үзээгүй хоёр богинохон хөлийнхөө чадлаар гүйж байв. Тэрбээр үүдээр шургуут нуруу хотосхийлгэн хаалга хавхийтэл хаагаад тулганы хойно гарч зогслоо. Хар нохой гэрт орж, Түгжавтай үзэлцэхээр Хандмаатай уралдан дайрч хаалганд хоншоороо хавчуулаад өвдсөндөө биш, уурандаа гаслан хоцров. Түгжавын санаа бага зэрэг тайвширч;
-Мөн ч ширүүн байх чинь вэ? гэхэд Хандмаа:
-Чамд ширүүлэхгүй бол өөр хэнд ширүүлэх вэ гээд зургар хар нүдээ маяглуулав.
-Доной догь хүн, авгайдаа хатуухан манаач тавьжээ. Хар нохой байхад Донойн сэтгэл өдийд амар яваа биз. Гэвч хөөрхий, даанч адгуус юм даа гээд Түгжав хоймрыг шилбүүрдвэл жаазнаас гэрийн эзний том хөрөг яг өөрийг нь ширтэж байхуйд, тэр ялимгүй займарч суув. Хандмаа алтан ээмгээ санжигнатал гунхалзаад:
-Адгуус ч гэж басаж болохгүй шүү. Манай хар нохой Донойтой бол ярьдаг юм гэлээ.
Түгжав "ха, ха" хэмээн худлаа хөхрөөд тухлахаар сүүжилдэн хэвттэл хар нохой гэнэт дахин хуцав. Түгжавын дотор эвгүй бодол ургаж өндийнгүүт малгайгаа авч хааш яаш өмсөөд их л хүнийрхүү цомцойн суулаа. Тэгээд "Донойн ирэх юу болж байгаа билээ" гэж асуух гэтэл, Хандмаа ухасхийн хаалгаар шагайж хараад:
-Хүүш ээ яана аа, Түгжав аа! гээд чимээ тасрав.
Тэгснээ:
-Манай энэ нээрэн муухай гударга шүү. Уяан дээр очоод, чиний морийг боргоод уналаа гээд урьханаар аальгүйтэн инээв.
Хандмаа Түгжавт идээ цай болсны дараа нэг лонх шимийн архи гаргаж өгөөд өөрөө эртхэн үнээгээ саахаар гарлаа. Түгжав архинаас нэг аяга уугаад цааш уусангүй, өдрийн уусанд нозоорч хоёр гутлаа тайлж орхиод гэрийн баруугаар хажуулав. Гадаа хар нохой түүний морийг ээрсээр авч уур хилэн нь нэлээд буурчээ. Эцэстээ тэр хаа нэгэнтээ пөн пөн үглэснээ Түгжавын моринд дасав уу, аль эсвэл залхав уу, эрүү хамхив.
Түгжав үс болсон хоёр панцгар хөл жийж, авдар шиг зузаан цээж түхэлзүүлэн зүүрмэглэв.
.. .Хаалга гэнэт торхийв. Цочин харвал хаалганы завсраар хар нохойны сарьсан хамар орж ирээд ийш тийш шиншилж гарлаа. Түгжавын дотор палхийж, өндийх гэснээ болиод огт хөдлөхгүй нам хэвтэхээр шийдэв. Хар нохой сэтэрхий хамраа сартагануулан баахан шиншилснээ хошуугаараа хаалга сөхөн түлхтэл, түрхиих чимээ гарч цээжин бие нь гэрт ороод ирлээ. Түгжав баруун орон дээр үсрэн гарах гээд амжсангүй. Хар нохой баримжаа муутай түлхэж гэрт лав орж ирсэндээ гэмшсэн байдалтай хулчгар царайлан хойш ухарсаар, дөнгөж толгойгоо хаалгаар цухуйлгасны эцэст сая санаа амарч, бүрий орж буй гэрийн доторхыг ажиглан гэмшингүй шар нүдээ гөлөгнүүлэв. Түгжав "Хандмаа" гэж хашгирах гэснээ хэрэг бүр бишдэх бай гээд үхсэн мэт амьсгал хураав. Нохой гэр доторхыг сайтар ажиглаад хар нь бага зэрэг арилсан янзтай зүүн хатавчнаас эхлэн өөх тосны цөвдөл, шороо пургиулан шиншилсээр босго алхлаа. Түгжавын цогцосноос зөвхөн хар нүд нь аяган дотроо хөдөлж, гартаа барьчих багаж зэвсэг ойр хавиас хайна. Хар нохой эрэгнэгийн урдуур нүүгэлтэн орж ирэхэд сүүл нь хөвөрсөөр хаалганаас мултарч хаалга хаагдлаа. Түгжавын дотор өрхий нь бүтээсэн гэр шиг пад харлав. Донойн чоно барьдаг хар нохой бүрэнхий гэрт орж ирээд зогсож байгаа нь баавгай шиг сүртэй ажээ. Тэр баавгай гэрийн зүүн талаар шиншлэн өөдөө ахисаар хоймор дөхөж ирлээ. Нохойны хамар нүүрний нь дэргэд ирж, сахал салмайгий нь сэрвэлзтэл шуугичнахад Түгжавын хар нүд ч хөдлөхөө болиод айсандаа хөлдөж орхив. Хар нохой дун цагаан араа соёогоо ярсхийтэл эвшээж, урт улаан хэлээр амаа гаслантайяа долоосноо тулганы хойгуур баруун тийш тойрохоор дээш ахилаа. Түгжав амьсгалахаа болив. Тэгтэл хар нохой гэнэт хаалга руу зүүн талаар буцлаа. Түгжав дотроо залбирч цээжиндээ хураасан амьсгалаа сэмхнээр цувруулан гаргав. Хар нохой (ёсыг бодоод тулганы хойгуур тойрсонгүй бололтой) эрлээ баруун хатавчнаас өөд нь үргэлжлүүлэв. Энэ удаа хар нохой Түгжав хоёр золгох нь зайлбаргүй болжээ. Зугтаасан хүнд нохой өстэй байдгийг мань хүн мэдэх тул гуалин шиг хэвтэж байгаад азаа шодохоор шийдэв. Хар нохой Түгжавын нүцгэн хөлд сайран хамраа хүргэчихээд давхийн цочлоо. Түгжав цочсон ч үгүй, бүх ухаанаа дайчлан мод болон хөшив. Тэр ерөөсөө л үхсэн хүн болъё гэсэндээ бараг үхжээ. Хамаг бие нь цэл хөрж, зүрх нь зогсоод цус нь зөвхөн айснаасаа болоод гүйж байлаа. Түүний амьд гэдгийг хар нохой байтугай Түгжав өөрөө ч мэдэхээ больжээ. Хар нохой хэсэг зогсоод Түгжавын хөлийг "Энэ ер нь юу вэ" гэсэн шиг дахин шохоорхож, өөд нь ахиулан шилбэ, гуя, тэр ч атугай бүр түүнээс дээш ичгүүр сонжуургүй үнэртэж үзэв. Түгжавыг тэр амьгүй бодос гэж санасан байдалтай дээгүүр нь алхаад нүцгэн гэдэс хэнхдэгийг нь шиншлэв. Түгжав хар нохойг багалзуурдаад авах уу гэснээ ямар ч байсан эхэлж өдөхөө больё гэж шийдээд ирээдүйн дайнд битүүхэн бэлтгэв. Чингэтэл хар нохойны харц Түгжавын харцтай яг тулгарав. Өөрийг нь амьд гэдгийг нохой түүний хөлдүү харцнаас мэдлээ. Нохойны гэрт орж ирсэндээ гэмшсэн хулчгар нүдний цаад өнгөнд түрүүчийн хонзон гялалзаж байгааг Түгжав харав. Түгжавын нүдний амьд галыг хар нохой хэсэг гайхан ажигласнаа гэнэт дальдарч ухасхийн гарч одов. Гарч явахдаа түүнийг сүүлээ тас хавчсан байсныг Түгжав анзаарчээ. Хар нохой гадаа гаруут Түгжавын морийг хилэнтэйеэ ээрч гарав. Түгжав нохойд багалзуураа тас хазуулаагүйдээ баярласан боловч дотор нь хачин болж орхилоо. Тэр босож суув. Айлын эзгүй гэр нэг л таагүй, хоймрын жаазнаас ширтэх Донойн харц өөд Түгжав харах гээд чадсангүй.
Сэтгэгдэл ( 3 )
aricde pantsgr gj yu gj bga ve mngl hliig gutj bn shuu nree yooo
ugee l zv bcmr bga bhkyu\n
ugee zv bcmr bna sda