УИХ-ын гишүүн Х.Наранхүүг Авлигатай тэмцэх газраас 10 тэрбум төгрөгийн хэрэгт сэжиглэн шалгаж байгаа. Гэхдээ түүний хэргийг өршөөлийн хуульд хамааруулан хэрэгсэхгүй болгох тухай ч бас яригдаж байна. Өөрөөр хэлбэл эрх мэдлээ ашиглан “Эрдэнэт” үйлдвэрээс ийм хэмжээний юм тоншсон нь түүний зол болоод дуусах бололтой. Ерөнхий сайд асан С.Баяр Оросын нефть экспортлогчидтой сэм тохиролцоо хийхэд харин Х.Наранхүү ямархуу үүрэг гүйцэтгэж байсныг энд сийрүүлье. Х.Наранхүү Үйлдвэр худалдааны сайд байхдаа 2008 оны 1 дүгээр сарын 12-нд Оросын “НК Роснефть” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн ерөнхийлөгч С.М.Богданчиковтой ийм нэгэн гэрээ хэлэлцээр хийж байжээ. Энэ нь:
1. Монгол улсын нефтийн бүтээгдэхүүний жижиглэн худалдааны зах зээл дээрх үйлчилгээний чанарын тогтвортой байдлыг хангах талаар хүрсэн тохиролцоог хэрэгжүүлэх зорилгоор Монгол улсын Засгийн газар “РН Монголия” ХХК 100 ширхэг шатахуун түгээх станцын сүлжээ болон нефть бааз байгуулахад зориулан газар олгох үүрэг хүлээж байна. “РН Монголия” ХХК-ийн бөөний болон жижиглэнгийн борлуулалтанд эзлэх хувь нь Монгол улсын дотоод зах зээлийн 10 хувиас хэтрэхгүй байна.
2. Талууд Монгол улсын нисэх буудлууд дээр агаарын хөлгүүдийг онгоцны түлшээр цэнэглэх Орос-Монголын хамтарсан компанийг байгуулж, “НК Росфеть” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн оролцоо 50+1 хувь гэсэн саналтай байна.
3. “НК Роснефть” нээлттэй хувьцаат нийгэмлэг нь үнийн өсөлтийг тогтворжуулсан түвшнээс 20 хувиас илүүгүй өсөх тохиолдолд нефтийн бүтээгдэхүүнийг 2008 оны 7 дугаар сар хүртэл Монгол улсад нийлүүлнэ.
Оросын талаас “НК Роснефть” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн Ерөнхийлөгч С.М.Богданчиков
Монголын талаас Монгол улсын үйлдвэр худалдааны сайд Х.Наранхүү гэсэн байв.
“РН Монголия” ХХК нь “НК Росфеть” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн охин компани ажээ.
Үүнээс бид юуг харж болох вэ. Юун түрүүнд Оросууд 2008 оны 7 сар хүртэл нефть бүтээгдэхүүнийхээ үнийг барих болсон байв. Нөгөөтэйгүүр шатахуун хангамжийн асуудлыг Оросууд бүхэлд нь гартаа атгахыг хүссэн байлаа. Энэхүү гэрээ нь энэ сарын 26 гэхэд эцэслэх учиртай байсан нь анхаарал татаж байна. Х.Наранхүүг “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байхад нь тухайн үед С.Баяр Ерөнхий сайд болмогцоо шууд татаж авчраад Үйлдвэр худалдааны сайдаар томилсон нь ийм л учиртай байжээ. С.Баярын Орост Элчин сайдаар сууж байх үеийн алба, амины хэлхээ холбооных нь үр хөврөл ийнхүү С.М.Богданчиковын гэрээний тулгалтаар ирсэн боловуу. С.М.Богданчиков “Хэрвээ энэ гэрээнд нааштай хандахгүй бол нефтийн бүтээгдэхүүнд тохиролцсон үнийн асуудал шийдэгдэхгүй” гэсэн сануулгыг бас өгч байлаа. Тэгэхээр Оросын нефтийн акулууд шатахуун, дизель түлшин дээр манайхыг байнга чангалж, бачимдуулаад байгаа нь ийм л учиртай байж дээ.
Б.Отгонбаяр
Сэтгэгдэл ( 0 )