Иргэдийн очих дуртай газрын нэг нь Сэлбэ гол байх болно

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 17

Иргэд, олон нийт, хүүхэд багачуудын амралт  чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн тохижилт, ногоон байгууламж бүхий цогцолбор байгуулахад дүүрэг бүрт тодорхой хэмжээний мөнгийг хотын төсвөөс тусгаж өгсөн. Тэгвэл энэ жил Сүхбаатар дүүргээс 5.9 тэрбум төгрөгөөр Сэлбэ гол дагуу томоохон бүтээн байгуулалт хийхээр төлөвлөжээ. Нийслэлчүүдийн барилгын хог, уут сав, үнс нурам, мал амьтны сэг, хог хаягдал, хир буртагт дарагдан хүчгүйдэж, эцэстээ урсгал ус нь татарч, ширгэж үгүй болох аюул нүүрлэсэн Сэлбэ гол сэргэхэд тун ч ойрхон байна. Учир нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас санаачилсан Сэлбэ голын урсацыг нэмэгдүүлж, орчныг сэргээн иж бүрэн тохижуулах төсөлт ажил хэдийнэ хийгдээд эхэлчихжээ. Эхний ээлжинд одоогийн байдлаар “Сэлбэ голын урсацыг сайжруулах, тохижуулах, нөхөн сэргээх” төслийн хүрээнд голын эрэг дагуу далан босгох, Сэлбэ голын урсацыг бага зэрэг өөрчлөн засах шавар шорооны ажил ид өрнөж байна. Их тойруугийн гүүрээс  Арслантай гүүр хүртэлх 1.2 км газарт төслийн хүрээнд найман ширхэг модон сүүдрэвч барьж, 350 ширхэг мод суулган, 30 ширхэг арслангаар Сэлбэ голоо мануулах аж. Мөн голын хоёр талаар явган хүний зам, үйлчилгээний газар, усан оргилуур, усны түвшин баригч босго барих, дөрвөн гүүрэн гарц, мөн урсаж байгаа голын наана горхи, хүрхрээ байхаар 12 мянган ам.метр ногоон байгууламж гээд олон ажлыг хийхээр төлөвлөжээ. Тус ногоон байгууламжийг орос зөвлөхтэй “Норбу” ХХК-ийн хамт олон гүйцэтгэх юм байна. Энэ талаар барилгын ажлыг хийж буй “Норбу” ХХК-ийн ахлах инженер Б.Баатараас тодруулахад, “Удаан хугацаанд судалгаа хийж, зураг төсөл нь тодорхой болсны дараа төслийн ажлаа эхэллээ. Таван давхар байр барихад хэр хугацаа ордог билээ. Том байгууламж учраас энэ ажил ирэх жил дуусна. Иргэдийн очих дуртай газрын нэг нь Сэлбэ гол байх болно гэдэгт бид итгэлтэй байна. Байгаль орчиндоо ээлтэй төдийгүй хамгийн гол нь Сэлбэ голын урсацыг нэмэгдүүлэх учраас энэхүү төсөл ихээхэн ач холбогдолтой юм. Одоогийн байдлаар Гидро техникийн ажил болоод Сэлбэ голын эрэг дагуу далан босгох их ажил хийгдэж байна. Түүнчлэн Сэлбэ гол дагуу хөрсний ус дээшээ байдаг учраас түүнийг доошлуулах, хөрсөнд нэвчихгүй урсгах хоёр том ажил хийгдэж эхэлсэн. Эхний ээлжинд 1.2 км газарт “Сэлбэ голын урсацыг сайжруулах, тохижуулах, нөхөн сэргээх” төсөл хэрэгжинэ. Төслийг хэрэгжүүлэхэд нийт зургаа орчим тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн” хэмээн ярилаа. Нийслэл хотын маань дундуур тэнхээгээ шавхан урсах жижигхэн Сэлбийн нэг эрэг нь Баянзүрх дүүргийнх, нөгөө нь Сүхбаатар дүүргийнх. Бас нэг хэсэг нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт харьяалагддаг аж. Ийм ч учраас одоогоос гурван жилийн өмнө байгаль орчны нэгэн байгууллага судлаад,  Сэлбэ  голын  хөндийд 70 гаруй гүний худаг болон барилгажсан талбай 14 мянга 244 га, гэр хорооллын айл өрх 10 мянга 814 га талбайг эзэлж байгааг тогтоожээ. Мөн Сэлбэ голын усны талаас илүү хувийг уулаас буух хур бороо, цас мөсний ус бүрдүүлдэг. Харамсалтай нь, Сэлбэ голыг дагасан байшин, барилга, хашаанаас болоод хур борооны шар ус голд хүрч чадахаа байсан байна. Энэ бүгдээс болж хүнээр бол маш их зовлон үзсэн гэж хэлж болох Сэлбэ гол зарим газраа татарч, зарим газраа урсахаа болиод удаж байгаа. “Сэлбэ голоо аваръя” хэмээх аян улсаас өрнүүлж байсан ч өнөөг хүртэл дорвитой нэгээхэн ч ажлыг хийж байгаагүй юм. Тэгвэл ирэх жилийн 11 дүгээр сард Сэлбэ голын дагуу цэцэрлэгт хүрээлэн байгуулах “Сэлбэ голын урсацыг сайжруулах, тохижуулах, нөхөн сэргээх” төсөл биелэх нь.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top