Сонгууль ойртож УИХ-ын гишүүд болон улс төрд горилогсдын зарим нь мөнгөний эрэл хайгуулд мордоцгоожээ. Ардчилсан намаас нэр дэвшихийг хүссэн хүмүүсийн нэлээд хэсэг нь 50 сая төгрөгийнхөө “бооцоо”-ны хагасыг буюу 25 саяыг нь өгсөн гэнэ. Ардын намынхан нэр дэвшигчдийнхээ мөнгөний босгыг 100 сая төгрөгт хүргэх сурагтай ч одоогоор хараахан шийдээгүй байна. Гэхдээ тус намын хуучцуул сэм сэмхэн хандив нэрээр намдаа мөнгө оруулж байгаа сурагтай. Харин томоохон компаниуд улс төрд горилогсдын сонгуулийн зардлыг даах тухай амлалт өгч буй бололтой. Ховд аймагт Хөшөөтийн уурхай хэмээх хэл ам ихтэй орд газар бий. Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай энэ уурхайг “Мон Эн Ко” компани эзэмшдэг. Гүйцэтгэх захирлаар нь тус аймгийн уугуул иргэн Батнягт гэгч ажиллаж байгаад саяхнаас өөр ажилд шилжих болсон юм байх. Тус уурхайн үйл ажиллагааг байгаль экологийн сүйтгэл тарьж байгаатай нь холбогдуулан түр зогсоож байв. Одоо ч үйл ажиллагаа нь зогсонги байдалд байгаа дуулдана. Компаний Хятад эзэд нь Хөшөөтийг бүрэн дүүрэн ашиглахын тулд нэлээд их мөнгө хаях янзтай. Тэд саяхан Ховд аймгаас УИХ-д нэр дэвшихийг хүссэн хүмүүст сонгуулийн зардлыг нь даана хэмээн амлажээ. Эндээс УИХ-ын дарга Д.Дэмбэрэл сонгогдсон. Гэвч харамсалтай нь түүнд Хятадууд таван төгрөг ч өгөхгүй гэсэн байна. Түүнийг нэгэнт хөгширсөн тул сонгуульд нэр дэвшихгүй гэж үзсэн юм болов уу даа. Харин шинээр нэр дэвших магадлалтай хүмүүсийн нэрс тодрохыг хүлээж байгаа ажээ. Мөн аль намаас парламентад олонхи суудал авах магадлалтайг ч бас Хятад эзэд нь чих тавин чагнаж суугаа гэнэ шүү. Өөрөөр хэлбэл манай баялагт шунасан Хятадууд УИХ-ын сонгуулийн санхүүжилтыг хариуцах болсон юм шиг байна. Сураг сонсохноо Ардын нам, Ардчилсан намын нөхдүүд Монголд үйл ажиллагаа явуулж байгаа Хөшөөт болон Хятадын бусад томоохон компаниудыг сааж сонгуульд оролцох бололтой.
Б.Отгонбаяр
Сэтгэгдэл ( 0 )